“НЭГ БҮС, НЭГ ЗАМЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨГЖИЛ” сэдэвт олон улсын сургалт

Нэмэгдсэн: 2017-09-26 14:08:46

“НЭГ БҮС, НЭГ ЗАМЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨГЖИЛ” сэдэвт олон улсын сургалт

 БНХАУ-ын Бээжин хотноо тус улсын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-аас 2017 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Нэг бүс, нэг замын итгэмжлэлийн хөгжил” сэдэвт олон улсын сургалтад Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, ахлах мэргэжилтэн Д.Удвал нар оролцоод ирлээ.
Сургалтын явцад БНХАУ-ын чанарын дэд бүтцийн хөгжил, тохирлын үнэлгээний зохицуулалт, Итгэмжлэл, баталгаажуулалтын агентлаг (CNCA), Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-ын үйл ажиллагаа, итгэмжлэгдсэн байгууллагуудтай танилцлаа.
Ингээд БНХАУ-ын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи мэдээллээс уншигч та бүхэндээ хүргэе.

  БНХАУ-д органик хүнсний баталгаажуулалт нь төрөөс зохицуулалттай үйл ажиллагаа болно. БНХАУ-ын хүнсний хэрэглээний зах зээл өнөөдөр дэлхийд хоёрдугаарт орж байна.  Тус улсын органик бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт нь дэлхийн дундаж түвшнөөс дээгүүр байгааг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа том хотуудад хүн амын дунд өндөр орлоготой бүлгийн хэмжээ хурдацтайгаар нэмэгджээ. Түүнчлэн тус улсад хүнсний аюулгүй байдал, хүүхдийн хоол тэжээлийн асуудал өнөөг хүртэл чухал асуудал болсоор байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсын ДНБ жилийн 7.4% буюу түүнээс ч илүү хурдтай өссөн байна. Сүүлийн үеийн мэдээллээр 2015 он гэхэд Хятад улсын ДНБ 10.5 их наяд долларт хүрч, АНУ-ын дараа 2-рт орж, хот суурин газрын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 4,990 доллар байсан нь өнгөрсөн оныхоос 8.9 хувиар өссөн үзүүлэлт байна.

  Хятадын эдийн засгийн хөгжил нь органик зах зээлийг хөгжүүлэх боломжийг олгож байна.
Одоогоор хийгдэж буй статистик судалгааны мэдээгээр тослог хүнсний бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, шинэ мах ба үр тарианы бүтээгдэхүүн гэсэн таван органик бүтээгдэхүүнийг хамгийн их импортлосон байх ба импортын хэмжээ нь Хятадад үйлдвэрлэсэн тэдгээр нэрийн органик бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ. Хятадад органик мал аж ахуй, шувууны бүтээгдэхүүн маш бага бөгөөд Хятад улс өөрийн зах зээлийг хангаж чадахгүй байна. Иймээс тэд импортлох шаардлагатай гэж үздэг.
  Тус улсын органик бүтээгдэхүүн нь нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 0.2%-ийг эзэлдэг бөгөөд хөгжингүй орнуудтай харьцуулахад 1.8%-иар доогуур үзүүлэттэй гарчээ. 2015 он гэхэд тус улсын дотоодын органик хүнсний үнэ 2012 онтой харьцуулахад 2 дахин өссөн бөгөөд энэ нь органик хөдөө аж ахуйн цаашдын хөгжилд асар их боломж, том зах зээл байгаа гэдгийг илэрхийлсэн үзүүлэлт болж.
  Статистикийн мэдээгээр, органик бүтээгдэхүүний 70 орчим хувь нь анхдагч бүтээгдэхүүн (ундаа, усны бүтээгдэхүүн, амьтны болон шувууны бүтээгдэхүүн) эзлэх ба бусад нь багахан хувийг эзэлдэг. Органик бүтээгдэхүүний тэргүүлэх ангилалд эхнийх нь будаа, хоёр дахь нь цай, гурав дахь нь сүүн бүтээгдэхүүн багтсан байна.
Тус улсад органик бүтээгдэхүүний GB/T19630-2011 үндэсний стандартыг мөрддөг бөгөөд 4 хэсэгтэй байна. Үүнд:
GB/T 19630.1–2011, 1 дүгээр хэсэг-Үйлдвэрлэл,
GB/T 19630.1–2011, 2 дугаар хэсэг-Боловсруулалт,
GB/T 19630.1–2011, 3 дугаар хэсэг-Шошго ба маркетинг,
GB/T 19630.1–2011, 4 дүгээр хэсэг-Менежментийн тогтолцоо.

  Тус улсын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи Зохицуулалтад "БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр органик хүнсний баталгаажуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй аливаа этгээд Органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи Зохицуулалтыг дагаж мөрдөнө. Органик бүтээгдэхүүн гэсэн нэр томьёо нь Хятад улсын үндэсний стандартад нийцсэн органик бүтээгдэхүүнийг хэлэх бөгөөд тэдгээр нь хүний хоол хүнс, амьтдын тэжээлд зориулагдсан байна. Энэ нь "органик" гэж борлуулсан бүх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Баталгаажуулалт, итгэмжлэлийн товчоо (CNCA)-ноос зөвшөөрөлтэй баталгаажуулалтын байгууллагуудад баталгаажуулсан байхаар тусгажээ.
  Өнөөгийн байдлаар органик хүнсний баталгаажуулалтыг 24 байгууллага гүйцэтгэхээр БНХАУ-ын Баталгаажуулалт, итгэмжлэлийн товчоо (CNCA)-ноос зөвшөөрөл авсан байгаагаас Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яамны харьяанд ажиллаж буй байгууллагууд нь органик хүнсний баталгаажуулалтын хамгийн том 2 байгууллага болж байна.
  Хятадын органик хүнсний баталгаажуулалтын төв (China Organic Food Certification Center (COFCC)) нь Хөдөө аж ахуйн яамны харьяанд 2002 онд байгуулагдсан. БНХАУ-ын үндэсний стандартын дагуу тарималжуулалт, үржүүлгийн болон бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр органик хүний баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахыг нь  CNCA-аас зөвшөөрсөн бөгөөд 2005 онд CNAS-аар итгэмжлэгджээ. БНХАУ-ын органик зах зээлд эзлэх хувь бүтээгдэхүүний 52%-ийг тус төв баталгаажуулсан байна. Тус төв, орон нутгийн 38 салбарт өнөөгийн байдлаар  хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн, албан ёсны гэрчилгээ бүхий 219 шинжээч ажилладаг бөгөөд 2016 онд 951 аж ахуйн нэгжийн 3844 бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байна. 2006 оноос эхлэн гадаадад бизнесээ өргөжүүлснээс хойш 23 орны сүүн бүтээгдэхүүн, кофе, дарс, тос, цай, бусад бүтээгдэхүүний бизнес эрхлэгч 50 гаруй үйлчлүүлэгчийг хамруулсан үйл ажиллагаа явуулжээ.
БНХАУ-ын Органик бүтээгдэхүүний каталогид (CNCA-аас хэвлэн гаргасан) орсон бүтээгдэхүүнийг баталгаажуулахаар тус төвд хандах боломжтой юм байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл