БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газартай Хэмжил зүйн салбарт хамтран ажиллана

Нэмэгдсэн: 2018-09-20 07:51:00

 БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газартай Хэмжил зүйн салбарт хамтран ажиллана

 БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газартай Хэмжил зүйн салбарт хамтран ажиллана

SAMR
  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын газар (ЗЗЗГ)-тай хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
  БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд хуралдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны үеэр СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тэргүүтэй төлөөлөл, ЗЗЗГ-ын дэд сайд Чин Йзи тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж хоёр тал хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
  2018 оны 9 сарын 17-ны өдөр болсон уулзалтын Монголын төлөөлөлд Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх Л.Базарсад, СХЗГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн Б.Галпүрэв нар багтсан бол БНХАУ-ын төлөөлөлд ЗЗЗГ-ын хэмжил зүйн газрын дарга Ши Жун, ЗЗЗГ-ын стандартын инновацын газрын дарга Циу Ган, ЗЗЗГ-ын баталгаажуулалтын газрын дэд арга Чэн Хайян, ЗЗЗГ-ын олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Хан Жианпин, БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн дэд дарга Лиу Киан, ЗЗЗГ-ын гадаад хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Зэн Чунжин нар багтаж оролцов.
Уулзалтын үеэр Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү санамж бичгийг байгуулагдаж байгаад сэтгэл өндөр байгааг уламжлахын сацуу Шадар сайдын мэндчилгээг дэвшүүлэв. Мөн СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хоёр талын хамтын ажиллагаа хурдацтайгаар хөгжиж байгааг сайшааж, цаашид энэхүү санамж бичгийн ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж бодит ажил хэрэг болгох хэрэгтэйг дурьдсан юм. Мөн ЗЗЗГ-ын дэд сайд Чин Йзи хоёр талын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын “Бүс ба зам” санаачлагатай хамтын ажиллагаагаа уялдуулан цаашид хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

SAMR2
  СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, ЗЗЗГ-ын дэд сайд Чин Йзи нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар уулзалт өндөрлөв.
Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хэмжил зүйн байгууллагын техникийн болон хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн хэмжил зүйн салбарын хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын сайн туршлагаас суралцах, Монгол-Хятадын хоорондын худалдаанд гарч буй техникийн саад тотгорыг арилгахад чухал нөлөө үзүүлэх юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл