АВСТРАЛИ, СИНГАПУР, ЭНЭТХЭГ УЛС РУУ ХАМТАРСАН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Нэмэгдсэн: 2017-05-19 14:18:51

АВСТРАЛИ, СИНГАПУР, ЭНЭТХЭГ УЛС РУУ ХАМТАРСАН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах,  шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм.

Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдан зохицуулагдаж, зорчигчдийн хувьд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай байдлыг бий болгохоос гадна түнш агаарын тээврийн компаниудын хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбарших ач холбогдолтой. Мөн санхүүгийн хувьд бага зардлаар, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэж, агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай.

Энэхүү хамтын ажиллагааны жишээ бол МИАТ компани болон ОХУ-ын Аэрофлот компанитай хамтран Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд, БНСУ-ын Кореан эйр компанитай Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хамтарсан нислэг үйлдэж байгаа юм.

Мөн өөрийн нислэг үйлдэж буй цэгээс цааших цэгүүд рүү аль нэг агаарын тээврийн компанийг түшиглэн тэдний сүлжээг ашиглан зорчигчдыг эцсийн цэг хүргэх, тараах чиглэл барих буюу код хуваах нөхцөлөөр зах зээлээ тэлэх боломжийг эрэлхийлж байгаа аж. МИАТ болон Катэй Пасифик компанийн хамтран ажиллах гэрээний дагуу ирэх сараас эхлэн борлуулалтаа эхлүүлж долдугаар сараас хамтарсан нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа аж.

Гэрээний дагуу Катэй Пасифик компанийн Хонконгоос цаашхи Австралийн Перт, Брисбан, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу үйлддэг нислэгт монголын тал маркетингийн тээвэрлэгчээр оролцох эрхтэй болж буй юм. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна.

Цаашид Зүүн Өмнөд Азийн зарим орнуудтай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулах боломжийг судалж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлсэнээр Хонконг чиглэлийн зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, нислэгийн давтамжаа нэмэгдүүлэхээс гадна агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулж, шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл