Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Нэмэгдсэн: 2017-04-20 12:42:55

Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцахаар айлчилж байгаагаа хэлсэн юм.

Токио хотын захирагч Юрико Койкэтэй уулзах үеэрээ хатуу хог хаягдлын менежмент, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар болон хоёр хотын хооронд хот төлөвлөлтийн чиглэлээр захиргааны ажилтан солилцон дадлагажуулах, соёлын харилцааны талаар ярилцсанаа хотын дарга С.Батболд “Киодо” мэдээллийн агентлагийнханд уламжиллаа. Мөн Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгааг хэлээд Японы жуулчдыг Улаанбаатар хотод авчрах, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнийг бий болгох, Улаанбаатарт хөрөнгө оруулсан Японы хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарахаа хэллээ. Тэрбээр мөн хэлэхдээ “Хоёр хотын хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх зайлшгүй шаардлага бий. Монгол Улс зөвхөн тусламж аввдаг улс биш. Харилцан ашигтай, эдийн засаг, худалдааны түнш улс байхыг зорьж байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл