Бангкок хотын төв номын сангаар зочлов

Нэмэгдсэн: 2017-07-31 09:23:54

Бангкок хотын төв номын сангаар зочлов

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт хийсэн айлчлалынхаа хүрээнд Тайландын Вант улсын Эзэн хааны ордон ба Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж сонирхов. Мөн Бангкок хотын төв номын сангаар зочиллоо. Тус номын сангаар ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж.

Бангкокийн төв номын сангаар үйлчлүүлэх нэг жилийн гишүүнчлэлийн эрхийг том хүн 10, хүүхэд 5 баттаар авдаг байна. Сонгосон номоо 7 хоногоор түрээслэн уншдаг. Хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном, оюун ухаан хөгжүүлэх тоглоомоос гадна тоглоомын талбайтай. Оюутан сурагчдад зориулсан тусгай хэсэг, цахим сан зэрэг бүх насны иргэдэд зориулан таатай, тухтай нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн номын сан аж. ЮНЕСКО-гоос 2010 онд хамгийн их уншигчтай хотоор Бангкокийг тодруулсан байна. Үүний дагуу номын хэрэглээг сайжруулж, иргэдээ номонд илүү их ойртуулах зорилгоор 4 том төсөл хэрэгжүүлжээ. Уг төслүүдийн нэг бол өнөөгийн Бангкок дахь төв номын сан аж.

Эзэн хааны мэдэлд байсан барилгыг хотын захиргаанд шилжүүлснээр 500 орчим хоногийн дотор 400 сая баттыг ашиглан орчин үеийн шинэлэг, тав тухтай номын санг бий болгожээ. Номын сангаар зочилсныхоо дараа хотын дарга С.Батболд “Бидний уламжлалт ойлголтоор номын сан гэдэг ширээ сандалд суугаад ном уншдаг төдий байсан бол Бангкок хотын шинэ номын санд орчин үеийн уур амьсгал оруулж чаджээ. Энэ номын санд хөгшин залуу, оюутан, судлаач гээд ямар ч насны хязгааргүйгээр дуртай заалаа сонгоод үйлчлүүлэх бүрэн боломжтой юм байна. Бид шинийг барьж чадахгүй юм аа гэхэд хуучин номын сангаа шинэчлэн тэнд ая тухтай орчин үеийн шинэлэг байдал, уур амьсгалыг оруулж, тохижуулах нь зүйтэй юм байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл