Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан боллоо

Нэмэгдсэн: 2017-12-06 07:01:24

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан боллоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 3 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдааныг нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хүрээнд зохион байгууллаа. Энэ үеэр мэргэжлийн хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийсэн талаар тайлангаа танилцууллаа.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санал сурталчлагааны материал болон иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлийн батлагдсан хөтөлбөр, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажлуудад зориулан Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 20 сая төгрөгийн санхүүжилтийг үзүүллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын үүргийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гүйцэтгэдэг юм. Тэрбээр хурлын үеэр хэлсэн үгэндээ “Нийгэмд ноцтой хохирол учруулж, сөрөг үр дагварыг үүсгэдэг олон төрлийн гэмт хэрэг болон гэмт хэргийн шинжтэй болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд нийслэлийн төр, захиргааны шат шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагаа, нэгдмэл бодлого, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын хариуцлага хамгийн чухал үүргийг  гүйцэтгэх ёстой” гэдгийг онцлов.

Мөн “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад 563 мэдэгдэл, 773 зөвлөмж, 253 сургалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж ажилласантай холбоотойгоор ослын хэмжээ өмнөх онуудтой харьцуулахад тодорхой хувиар буурсан хэдий ч бид тайвшрах ёсгүй. Цаашид мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн болон төрийн бус байгуулагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлаа, уялдаа холбоогоо улам сайжруулан, хамтран ажиллаж, нийслэлийн иргэдийн  эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангана гэдэгт итгэж байна” хэмээв гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл