Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ

Нэмэгдсэн: 2018-04-23 04:03:55

Их хотын цэвэрлэгээнд 57792 хүн оролцжээ

“Их хотын цэвэрлэгээнд нийт 10294 ААН, байгууллагын 57792 хүн оролцлоо” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний  үеэр танилцуулав. Тэрбээр “Цэвэрлэгээнд нийслэлийн 80 харьяа газар, агентлагийн 3827 ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн. Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 10 байршилд хаягдал түүхий эд авах урамшуулалт худалдааг зохион байгуулж, 90 минутын хугацаанд нийт 8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг 1.2 сая төгрөгөөр худалдан авалт хийв. Хот тохижилтын 557 ажилтан албан хаагчид нийтийн эзэмшлийн зам талбайн 8417 у/м хайс хашлага, 336 ширхэг сандал, 344 ширхэг хогийн сав, 653 шонг угааж, ногоон байгууламжийн хамгаалалтын 145 шон, троссыг засварласан. Хотын гол гудамж талбайд тарьсан том оврын 4082 модыг усласан. ЗАА-ны нийт 55 албан хаагч төвийн 6 дүүргийн цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Мэргэжлийн хяналтын 403 улсын байцаагч 9 дүүргийн 152 хороонд хяналт тавьж, 10800 аж ахуйн нэгж, байгууллагын 45148 иргэнийг цэвэрлэгээний ажилд хамруулав. Цэвэрлэгээнд хамрагдаагүй 112 аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 5 иргэн, 3 ААН-д 1.050.000 төгрөг, хог хаягдлыг ил задгай шатаасан 1 иргэнд 50.000 төгрөг, барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан 1 иргэнд 300.000 мянган төгрөг, төрийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй 3 иргэнд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан” хэмээн танилцууллаа.

Их цэвэрлэгээг тодорхой хугацаатай, бүх газарт нэг зэрэг зарласан нь ААН, байгууллага, иргэдийн идэвхийг нэмэгдүүлж чадсан. Цаашид ийм арга хэмжээг улирал бүрт ч юм уу зохион явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Ерөнхий менежер танилцуулгын үеэрээ хэлж байлаа. Мөн тэрбээр энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах үеэр гарсан зарим анхаарууштай зүйлийн талаар танилцуулгадаа дурьдаж байлаа. Тухайлбал, хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ ААН, байгууллагуудад цэвэрлэгээний талаарх мэдээллийг нэг бүрчлэн хүргэж ажиллах, зохион байгуулалтаа сайжруулах, муу ажилласан хороодын Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга нар хариуцлага тооцож ажиллах, Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлын ачилтыг шуурхай хийхэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл