“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ ирэх зургаадугаар сард болно

Нэмэгдсэн: 2018-05-03 09:05:00

“Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ ирэх зургаадугаар сард болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К-тэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К “Монгол-Оросын санаачилга 2018” нь цогц арга хэмжээ болох учраас бид маш их анхаарал хандуулж ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд техникийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Янз бүрийн салбарын техникийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынх зонхилох болно. Мөн арга хэмжээний үеэр дугуй ширээний ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулагдана. Энэ талд та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Өнөөдөр тантай уулзаж буй гол зорилго ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг гардуулан өгөх юм. Энэхүү захидалд таныг Москва хотод ирэх наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах хотын боловсролын чуулга уулзалтад урьсан байгаа билээ” хэмээн онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие захирамж гарган Монгол Улс ОХУ-ын эдийн засаг, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор ирэх зургаадугаар сарын 7-10-ны хооронд “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг  нийслэлийн хэмжээнд хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсгийг Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ахалж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Цагдаа, Онцгой байдал, Эрүүл мэнд, Соёл урлаг, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон өндөр хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байгааг дуулгая. ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг хүлээн авсандаа баяртай байна. Боловсролын салбарын чуулга уулзалтад нийслэлийн боловсролын салбарынхныг оролцуулахдаа таатай байх болно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл