Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулна

Нэмэгдсэн: 2018-05-03 09:06:47

Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын  газрын дарга, хурандаа  Ж. Чүлтэмсүрэн  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд  мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан байна. Худалдааны төв 38,соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар 11 хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй байсан аж.  

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлага хангаагүй 386 зөрчил илрүүлж, 43  зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж,  гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага 36, мэдэгдэл 14-ийг өгсөн байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага 20, зөвлөмж 47-г дээрх байгууллагуудад өгсөн байна. Олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд нь галын аюулгүй байдлыг хангасан эрх бүхий албан тушаалтан томилоогүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй, нөөц гарцуудыг тоноглоогүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглээг хийгээгүй, гамшгийн үед тусламж авах орц, гарцыг хаасан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. 

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хангалтгүй байна. Эрсдэлийн үнэлгээ хийсэн аж ахуй нэгжийн тоо 0.4 хувь, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулсан нь 12 хувь байна. Монгол бөхийн өргөө өмчийн маргаантай байгаа учраас энэ удаагийн шалгалтад хамруулаагүй. Асуудал, маргаан дууссаны дараа  хамтарсан ажлын хэсэг тус өргөөний галын аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, нормативын шалгалтыг хийх аж. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар  зогсоох шийдвэр гаргалаа. Гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  Баянгол дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп”  ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдалыг арилгуулах үүрэг даалгавар өглөө. Мөн соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн барилга байгууламжид тавигдах  хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Төрийн байгууллагуудын мэдээлэл