Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ

Нэмэгдсэн: 2018-10-17 07:04:54

Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган зам” аяныг хэрэгжүүлж байна. Энэ талаар болон нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нар мэдээлэл өглөө.

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/809 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотод явган хүний аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Бид иргэдийн амар тайван, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт явган зам аяныг хэрэгжүүлэхээр тусгасан. Аяны хүрээнд зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх 2 жилд 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллана. Энэ жил нийт 10 байршлын 15 гудамж замд 9771 м/кв талбайд стандартын шаардлага хангасан зам талбай хийж гүйцэтгэсэн. Мөн бид нийслэлийн иргэдэд үйлчлэх 4 төвөөр дамжуулан иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан орц гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг хааж хийж гүйцэтгэсэн газрыг чөлөөлөх ажлыг хийнэ” гэлээ.

Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт Туушин зочид буудлын явган хүний зам хааж барьсан зам болон, шатыг 10 дугаар сарын 16-ны өдөр буулгаж газрыг чөлөөлсөн. Мөн “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаанууд, “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт 5 байршил, Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс нарны замруу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан 6 хашаа, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэрэг байршлыг чөлөөлөөд байна. Цаашид явган хүний зам талбайн чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Бид албан байгууллагуудад Зөрчлийн тухай хууль болон Захиргааны тухай хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж байгаа. Тухайн газар нь кадастрын зураглалаа хэтрүүлэн зам талбай хаасан зөрчилтэй бол зөрчил арилгах талаар мэдэгдэл хүргүүлж үүнийг биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байна. Энэ ажлын хүрээнд гарсан зардлыг Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу мэдэгдэлд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байна. Үүнээс, газар чөлөөлөлт бүрэн дууссан 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй 9, дуусах шатандаа орсон2 байна.Дээрх 2ажлаас нийт 10 нэгж талбартиргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд 6 дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа гаргаснаас 187 байршлын газар чөлөөлөлтийн ажил хийгдээд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл