“ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ“ эхэллээ

Нэмэгдсэн: 2018-10-18 08:31:56

“ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ“ эхэллээ

Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.

Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран Уран зургийн галерейд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал,  “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд “Дархлаажуулалтын хөтөлбөр”-ийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос эхлэн үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж сахуу болон хөхүүл ханиадны өвчлөл сүүлийн арван жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан.

Тиймээс дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг долоон төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс нь НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлэхэд найдвартай гэж үздэг” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Дархлаажуулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилт”-ын хэрэгжилт болоод бүх нийтийн хамралтын нэгдсэн зорилгын хүрээнд НДББ-ийн улс орнуудтай харьцуулахад, Монгол Улс нь үндсэн тусламж, үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа. Гэвч халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа “Монгол Улс дахь улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцуулсан юм.

Манай улсын хэмжээнд  зургаан сартайгаас 35 хүртэлх насны хүн амын дунд улаанбурхан ба улаануудын эсрэг дархлааны түвшинд нэг агшны  үнэлэлт өгөхөд энэхүү ийлдэс судлалын судалгааны зорилго оршиж байгаа аж. Судалгааны үр дүнд тулгуурлан улаанбурхан, улаануудын тахалт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлтэй насны бүлэг, нутаг дэвсгэрийг тодорхойлж дархлаажуулалтын ямар арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж гаргаад байна.

Хэвлэлийн бага хурлын дараа “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд дархлаажуулалтын вакцины хадгалалт, тээвэрлэлт, түгээлт болон дархлаажуулалтад иргэдийг хэрхэн хамруулдаг тухай гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэлээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл