Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Газрын ундраа ХХХ-ийн тариан талбайд очиж улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа. 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна. Гэвч энэ жил бутлалтын үед хэт халж, бороо ороогүйгээс улаан буудайн ургалтад сөргөөр нөлөөлж, төлөвлөсөн ургацаа хураан авах боломжгүй болжээ. Газар тариалангийн салбарт 30 шахам жил ажиллахадаа ийм ган үзсэнгүй гэж Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан хэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ургац хураалтын үеийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.