Анх 1964 оноос зохион байгуулагдах болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн барилдаан Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Ирээдүйн аварга, арслан, гарьд , заануудын залгамж халаа болсон өсвөрийн хүчтэнгүүд гурван насны ангилалд уран мэхийг уралдуулсан.
Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болж байгаа өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг , 9 дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөхчүүд барилдсан.
Эдгээрээс 16
насанд Сүхбаатар аймгийн бөх сумын заан Н.Өсөхбаяр тэргүүн байрт
шалгарсан бол удаах байруудад Өмнөговь аймгийн Т.Дашжамц, Хан-Уул
дүүргийн Ж.Жавхлан нар тодорлоо.
Харин дунд нас 17 насны ангиалалд
Өсвөрийн улсын шонхор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат
Чингэлтэй дүүргийн бөх аймгийн арслан Б.Лхагдорж түрүүлж өсвөрийн улсын
хошой аварга боллоо. Тус насанд дараагийн байруудад Баянхонгор аймгийн
бөх Ч.Алтангэрэл, Хан-Уул дүүргийн бөх Л.Лхагвагэрэл нар тус тус
шалгарлаа.
Дээд нас болох 18 насанд өнгөрсөн хоёр жил 16,17 насанд түрүүлээд байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн. Мөнгө, хүрэл медалыг Сэлэнгэ аймгийн бөх Х.Наранбаяр, Чингэлтэй дүүргийн бөх Б.Түвшинтөгс нар хүртлээ.
2015 оны өсвөр үеийн улсын аваргад багийн дүнгээр Ц.Шийрэв дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг шилдгээр шалгарлаа. Дэд байрт МУ-ын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн багууд энэ жилийн шилдгээр шалгарлаа.
Барилдааны онцлогоос дурьдвал 18 насанд түрүүлсэн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат Аймгийн начин Б.Бат-Эрдэнийн хувьд өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдааны гурван насанд дараалан түрүүлсэн анхны бөх болсон түүхэн амжилтыг үзүүллээ. Харин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул аймгийн арслан Б.Лхагдоржын хувьд өнгөрсөн жил 16 насанд түрүүлсэн бол энэ жил 17 насанд түрүүллээ. Бага нас 16 насанд анх удаа орсон Сүхбаатар аймгийн бөх Н.Өсөхбаярын хувьд улсын аваргын анхны түрүүгээ авлаа. Гурван насанд түрүүлсэн энэ гурван залуу хүчтэний хувьд нэг ч унаагүй үеийн шилдгүүддээ торолгүй түрүүллээ.
Өсвөрийн улсын аваргын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн биеийн тамир спортын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажилласан.