Дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай “Хишиг уул" ХК-ний харъяа
“Хэрлэн” худалдааны төвийн түрээсийн талбайн хураамж өндөр, тус
компанийн удирдлагуудын зүгээс түрээслэгчдэд дарамт учруулдаг тухай
түрээслэгчдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу дүүргийн Засаг даргын А/118
дугаар захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус компанийн үйл ажиллагаа, түрээс, татвартай холбоотой шалгалтыг хийсэн байна.
Тус ажлын хэсгийн шалгалтаар "Хишиг-Уул" ХК нь татварын алба, дүүргийн санхүүгийн хэлтэст мэдүүлсэн тайлан балансандаа сард дундажаар 10,0 – 20,0 сая орчим төгрөгийн түрээсийн орлоготой гэж мэдүүлсэн боловч сард 47,0 сая орчим төгрөгийн түрээсийн орлого олдог, жил бүр түрээсийн орлогоо 150-200,0 сая орчим төгрөгөөр хасч мэдүүлэн, орлогоо нуун дарагдуулдаг байж болзошгүй гэсэн дүн гарчээ. Татварын албанаас 2013 оны 04 дүгээр сард тус байгууллагын санхүүгийн баримтыг шалгаж, энэхүү зөрчлийг мөн илэрүүлээд байгаа юм байна. Үүнээс гадна тус байгууллагын хувьд:
- Лангуу түрээслэгчдийн 1 м2 талбайн үнэлгээг 32500 төгрөгөөр бодож авдаг бөгөөд нийслэлийн ИТХТ-ийн 2010 оны тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнэ” –ийн /1м2 нь 4900 төгрөг гэсэн/ нормативийг харгалздаггүй, Улаанбаатар хотын А, Б зэрэглэлийн худалдааны газруудын түрээсийн лангууны өртгөөс илүү өндөр үнэтэй мөн алслагдсан дүүргийн түрээсийн талбайн үнэ 30 хувиар хямд байна гэсэн заалтыг илт зөрчсөн болно.
- Лангуу түрээслэгчдээс зуны улиралд 1 м2 талбайн хөлсийг 32500 төгрөгөөр бодож халаалт зогссон үед дулааны төлбөр орсон үнэ ханшаар бодож авдаг.
- Лангуу түрээслэгчдээс 1 тасгийн барьцааны мөнгө гэж 150000-250000 төгрөг авч эргэлтийн хөрөнгө болгон ашигладаг.
- Хэрлэн төвийн 2-р давхарын түрээслэгчид ариун цэврийн өрөөгүй ..гм. зөрчлүүд илэрсэн байна.
- Гэрэлтүүлэг, дулаан, харьцангуй чийглэг нь зөвшөөрөгдөх хэмжээнд нийцэхгүй
- Дулааны горим алдагдаж дамжуулалтын хэвийн ажиллагаа алдагдсан
- Хүнсний захад агааржуулалтын систем хийгдээгүй гэсэн зөрчлүүд илэрсэн байна.
Илрэсэн зөрчлүүдэд үндэслэн цаашид тухайн компанийг Цагдаагийн байгууллагаар шалгуулан зөрчлүүдийг арилгуулах хүсэлтийг /дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/341 тоот албан бичгээр/ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.