Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болголоо

Нэмэгдсэн: 2016-04-21

 Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өчигдөр хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөг болгох шийдвэр гаргасныг тус хороог тэргүүлдэг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Г.Баярсайхан сайд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  хоёр  жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Гэтэл манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний 07 тоот тогтоолоор сард 192 мянган төгрөг буюу нэг цагт 1142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож  мөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй өнгөрсөн .

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ асуудлыг дөрөвдүгээр сарын 20-ны хурлаараа хэлэлцээд 04 тоот тогтоол гаргаж  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн” хэмээн мэдээлсэн юм.

Сайдыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр дагаад цалин нэмэгдэх ёстой юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгааг ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Учир нь манай хөдөлмөрийн зах зээл дэх ажиллагчдын зөвхөн 4,0 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг гэсэн судалгаа бий. Тийм учраас энэ шийдвэрийг бага орлоготой иргэд, хөдөлмөр эрхлэж байгаа боловч бага цалин хөлс авч байгаа хүмүүсийнхээ амьжиргааг дэмжсэн арга хэмжээ гэж ойлгож болно.

-Хоёр жил тутамд шинэчлэн тогтоохдоо чухам юуг үндэслэдэг вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ бид хуульд заасны дагуу хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшинтэй уялдуулан тодорхой тооцоо судалгааг хийдэг. Энэ удаа ч бид Үндэсний хороогоор нийгмийн түншүүдтэйгээ нэлээд сайн ярилцаж байж энэ шийдвэрийг гаргасан. Тооцоо судалгаа ч хангалттай хэмжээнд хийсэн. Тэгээд ч одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байгаа ба хөдөлмөрийн хүний цалин хөлс тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай гэж үзсэн тул ийнхүү нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

-25 хувиас илүү нэмэх боломж байсан уу?

-МҮЭ-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэх санал оруулсан. Гэхдээ бид гурван талтаараа нэлээд нухацтай ярилцаж улс орны эдийн засгийн боломж бололцоотой уялдуулан бодитойгоор шийдэх нь зөв хэмээн үзэж 25 хувь дээр Үндэсний хорооны гишүүд санал нэгдсэн.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх энэ шийдвэр Засгийн газар, УИХ-аар орж байж баталгаажих ёстой юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороонд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох эрхийг олгосон зохицуулалттай. Тэр дагуу Үндэсний хороо хэлэлцээд шийдвэрээ гаргасан тул Засгийн газар, УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй.  Нэг үгээр энэ бол эцсийн шийдвэр.

2016-04-21

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Hudulmuriin-hulsnii-dood-hemjee#sthash.60BTULBm.dpuf
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл