БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА байгууллага “Монгол Улсын хөдөлмөрийн салбарын мэдээллийн технологийн тогтолцоог хөгжүүлэх, цахим хурлын систем” төслийг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
2015 оны есдүгээр сараас эхэлсэн төслийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем бий болж, хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллаж буй иргэд, мөн гадаадаас Монголд хөдөлмөр эрхлэхээр ирж буй хүмүүсийг бүртгэхээс гадна тэдний тухай мэдээллийн цахим сан үүсгэх замаар ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, гадаад ажилчдын эрэлт нийлүүлэлтийг зохицуулах боломжийг олгож байгаа гэдгийг “Цахим хурлын систем”-ийг хүлээн авч, аймаг, дүүргүүд дэх нийт 30 Хөдөлмөрийн хэлтэстэйгээ онлайнаар нэгэн зэрэг холбогдож ажил хэргээ ярилцаж амжсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцолж байлаа. Тэрбээр энэ төслийг хэрэгжүүлж Монгол Улсын хөдөлмөрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан КОЙКА байгууллага, Солонгосын ард түмэнд талархал ирэрхийлээд “Цаашид бид энэхүү бүртгэл мэдээллийн системийг ашиглан БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ мэдээллийн санг үүсгээд зогсохгүй бусад улс орон тухайлбал, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд дадлагажигчаар ажиллах хүмүүсээ бүртгэлжүүлэн ашиглах болно. Цахим хурлын систем бидэнд тун их хэрэгтэй байлаа. Ийм шинэ системийг салбартаа нэвтрүүлж чадсанаар харьяа байгууллагууддаа зориулсан сургалт, хурал зөвлөлгөөнийг хийхдээ цаг алдахгүй, зардал мөнгө хэмнэж төсвийн үр ашигтай байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой болж байгаа” хэмээн ярьсан юм.
Цахим хурлын систем ашиглан хийсэн анхны хурлаар Г.Баярсайхан сайд ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүргэж, статистикийн болон захиргааны мэдээ мэдээллийг бодитой болгох, аж ахйун нэгж бйагууллагуудтай хамтран сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг бүртгэж, ажил хайгчдыг орон нутгийн онцлог бүхий улирлын чанартай түр ажлын байранд зуучлах үйлчилгээг эрчимжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг хэд хэдэн үүргийг өгч Сэлэнгэ, Өмнөговь, Төв зэрэг аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга нараас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, тулгамдсан зарим асуудлыг шийдэхээр амласан юм.
“Цахим хурлын систем”-ийг хүлээж авах ёслолд Хөдөлмөрийн сайдаас гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, КОЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан оролцлоо. Тэд хийсэн ажлынхаа талаар Хөдөлмөрийн сайдад дэлгэрэнгүй танилцуулсан. Энэхүү төслийн үр дүнд ХЭҮСМҮТ гадаад руу ажиллах хүч илгээх болон гадаадаас ажиллах хүч авах модулийг WEB Based орчинд суурилсан программ хангамжаар хөгжүүлэн, ХЭҮСМҮТ дотроо ажлын явц болон мэдээлэл хуваалцах боломж бүрдсэн MLEX/Mongolia Labor Exchange System/ нэгдсэн системтэй болсон. Онлайн видео хурлын системийг нэвтрүүлснээр ХЭҮСМҮТ-өөс Хөдөлмөрийн яам, аймаг, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэйгээ шууд онлайнаар холбогдож видео хурал хийх боломжтой болсон төдийгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээж аваад байгаа юм.
Шинэ систем нэвтрүүлсэн ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноров “Бид энэхүү системээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээллийн үндсэн сантай Үндэсний дата төвөөр дамжуулан холбогдон ажиллах боломжтой болсон нь нэг том давуу тал. Эдгээр төрийн байгууллагуудтай холбогдон ажилласнаар гадаадаас ажиллах хүч оруулж ирж буй аж ахуйн нэгжийн бодит мэдээллийг шууд хүлээн авах, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дуусч хасалт хийгдсэн иргэдийн мэдээллийг ИХШХЕГ-т хүргүүлж хилээр гарсан эсэхд нь давхар хяналт тавьж ажиллах бүрэн бололцоотой боллоо. Мөн гадаадаас ажиллах хүч оруулж ирж буй аж ахуйн нэгжүүдийн монгол болон гадаад ажилчдын харьцаа, квотыг тооцож ажиллах хүчний тэнцвэртэй байдлыг хангахад нэлээд дөхөм болж байгаа юм” хэмээн шинэ системийн талаар онцлон дурдлаа.
2016-06-