Монгол Улсын төрөөс газрын бодлого, удирдлагын шинэтгэлийн хүрээнд түүхэнд анх удаа иргэддээ үнэ төлбөргүй газар өмчлүүлэх “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг 2003 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжүүлсэний 10 жил болж байна. Энэ нь иргэдийг хувийн өмчийн газартай болгох, иргэнийхээ өмчийн эрхийг болон үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх томоохон арга хэмжээ юм.
Манай орон, иргэдийн хувьд газар өмчлөл нь нэн шинэ учраас хуулийн дагуу зохион байгуулах чухал зорилтыг зохион байгуулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сурталчлах, газрын мэргэжилтнийг бэлтгэх, сургах, чадавхийг сайжруулах, газрын албадад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд газар өмчлүүлэх үйл явц өрнөсөөр байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажил эхэлснээс хойш нийт 10 гаруй журам, заавар, аргачлал батлан гаргаж газар өмчлүүлэх ажилд мөрдөн ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2013 оны 1-р улирлын байдлаар нийт 336106 иргэн буюу нийт хүн амын 11.8 хувь нь нийт 37044.4 га газрыг өмчилж авсан байна.Хашааны газраа эзэмшиж байгаа 214068 иргэн, шинэ байршилд 120184 иргэн гэр бүлийн зориулалтаар газар өмчилсөн бөгөөд 21 аймагт 31627.33 га газрыг нийт хүн амын 15.3 хувь, нийслэлд 4849.62 га газар буюу нийт хүн амын 7.6 хувь нь тус тус газраа үнэ төлбөргүй өмчилж авсан байна.
Аж ахуйн зориулалтаар нийт 387 иргэн 61.38 га газрыг үнэ төлбөртэйгээр өмчилж авснаас үр тарианы зориулалтаар 8 иргэн 12.2 га газар, төмс, хүнсний ногооны зориулалтаар 70 иргэн 33.82 га газар, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 309 иргэн 15.36 га газрыг үнэ төлбөртэйгээр өмчилж авсан байна.
Газар өмчлөл нь хөрөнгө оруулалт хийх боломжтой зах зээлд ойрхон орон нутагт илүү эрчимтэй явагдаж байна. Мөн орон нутгийн газрын харилцааны байгууллагын ажилтнуудын ажлын арга барил, санаачилгаас ихээхэн хамаарч байна.
Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, боломж нөхцөлөөр хангах зорилгоор 2011 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх боломжтой нөөц газрыг тогтоох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж төв суурин газар, улсын чанартай замын дагуух газарт 249 гаруй мянган га газрыг тогтоосноос 2012 онд мэргэжлийн байгууллагаар 30 орчим мянган га газарт байр зүйн зураглал, газрын төлөв байдлын хянах баталгаа, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийж орон нутагт хүргүүлэхэд бэлэн болгоод байна. Иргэний нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авсан эсэхийг шалгах, мэдээлэл дамжуулах зорилго бүхий газар өмчлөлийн лавлагаа мэдээллийн өгөдөл, программыг боловсруулж байна.
Нийслэлд 2013 оноос гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, тохилог орон сууцтай болгох, хувийн өмчийн газрын үнэлгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийг 12 цэгт хэрэгжүүлж эхлээд байна.
Газар өмчлөлд тулгарч буй бэрхшээл. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажилд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, 1)өмчлүүлэх газрын төлөвлөлт, хөрөнгө оруулалт нь эрэлт хэрэгцээгээ гүйцэхгүй буюу дэд бүтцээр хангагдаагүй, 2)зах зээлээс алслагдсан байдал, 3)өмчлүүлэх газрын ангилал явцуу, нийтийн зуслан, орон сууцны газрыг өмчлүүлэх ажил бэлтгэл хангагдаагүй, 4)аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын үнэ өндөр, 5)эзэмших эрх нь өмчлөх эрхтэй адил захиран зарцуулах эрхээр хангагдсан, 6)өрхийн аж ахуй хөгжүүлэх газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх эрх зүйн орчин байхгүй, 7)банк санхүүгийн байгууллагад барьцаалахад эзэмших, өмчлөх эрхийн ялгаа байхгүй, 8)газрын өмчийн эрхийн гэрчилгээний үнэлгээ бага буюу барьцааны зүйл төдий байгаа, 9)газрын хоёрдогч зах зээлийн зохицуулалт бүрэн шийдэгдээгүй байна. Эдгээр зах зээлийн жам ёсоор үүссэн харилцааг зохицуулсан бодлого, хууль, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна.
Цаашдын зорилт. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх” бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж, хувийн өмчийн газрыг хөгжүүлэн иргэдийн амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх тав тухтай орчин бүрдүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ойрын 3-5 жилд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг боловсруулан гаргаад байна.
1. Үндсэн хууль болон бусад хуулиудаар олгогдсон Монгол улсын иргэний газар өмчлөх эрхийг хангах үүднээс хуулийн дагуу одоо эзэмшиж, ашиглаж байгаа гэр бүлийн хэрэгцээний болон хувийн өмчлөлийн нэг давхар нийтийн орон сууцны хашааны газар, зуслангийн газрыг хууль тогтоомжийн дагуу өмчлүүлж баталгаажуулж дуусгах;
2. Өмчилсөн газрын үнэлгээг нэмэгдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ байршилд иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсруулахдаа тухайн газарт иргэдийн хөдөлмөр эрхлэх, үйлдвэр, үйлчилгээний ажлын байр бий болгох, түүнд шаардагдах газрын нөөц боломжийг судлан тогтоож инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгоход шаардлагатай газрыг хөрөнгө оруулалт, зардлын хамт төлөвлөх, тухайлбал эхний ээлжинд эрчим хүч, усан хангамжийг хөрөнгө оруулалтын хамт төлөвлөж хүн суурьших анхдагч нөхцөлийг бүрдүүлэх;
3. Иргэдэд тариалангийн газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж усалгаатай тариалан, фермер, амьтан үржүүлэх, чацаргана, жимс жимсгэнэ, төмс, ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх газрын нөөцийг тогтоож аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын зураг төсөл боловсруулж дэд бүтцээр хангаж,
4. Гэр бүлийн хэрэгцээний газрыг ажлын байрны дэргэд өмчлүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулах, хот суурины гэр хоорооллын газрыг дахин төлөвлөх, иргэд өмчийн газраараа хувь нийлүүлж нийтийн орон сууц барих, иргэдийн өмчилсөн газрыг шугам сүлжээнд холбох, тохижуулах эдлэн газрыг хөгжүүлж хувийн орон сууц барих, ландшафт, ногоон байгууламж байгуулах зэргээр газрын үнэлгээг өсгөх, зах зээлийн эргэлтэнд оруулах загвар зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх;
5. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, өмчлөлийн талаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, тэдний саналд тулгуурлах ажлыг зохион байгуулах, өмчийн эрхийг хадгалсан хувийн өмчийн газарт суурилсан, нийтийн болон иргэний эрх ашгийг хамгаалсан хот төлөвлөлтийн зарчимд шилжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Газар зохион байгуулалт өмчлөлийн хэлтэс