Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мянганы сорилтын компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлнэ
Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Мөнх-Оргилд олголоо.
Хэлэлцээрийг энэ сард багтаан байгуулснаар Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, холбогдох судалгааны ажлыг зургадугаар сар гэхэд цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн ТЭЗҮ-ийн эцсийн тайланг 11 дүгээр сард хүлээлгэн өгч, ирэх оны эхний улиралд багтаан Компакт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хэлэлцээр нь долоон зүйл, дөрвөн хавсралттай бөгөөд гэрээ боловсруулах, хэрэгжилтийн анхан шатны бэлтгэлийг хангахад талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх, санхүүжүүлэх арга хэмжээ, татвараас чөлөөлөх, бусад нөхцөлийг тусгажээ.
Мянганы сорилтын корпорацийн үйл ажиллагааны хүрээнд газрын доорх эх үүсвэрээс Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулна.
Харин Засгийн газрын гэрээлэх үйл ажиллагаагаар гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, худалдан авах ажиллагаа хариуцсан төлөөлөгчийг ажиллуулахтай холбоотой зардлыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Мөн Компакт гэрээг хэрэгжүүлэгч нэгж байгуулах зардлыг хариуцах юм. Эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай нийт 10 сая 500 мянган ам.долларыг бүхэлд нь Мянганы сорилтын корпораци гаргах бөгөөд энэ нь Компакт гэрээний үнийн дүнд багтахгүй юм.
Тариалан эрхлэгчдэд 5800 тонн улаан буудайн элит үр худалдана
Энэ жил 13 аймгийн 1350 орчим аж ахуйн нэгж, иргэн 381.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 362,1 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнд нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 4,1 мянган тонн улаанбуудайн үр дутагдах тооцоо гарчээ. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээд хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалж байгаа стандартын шаардлага хангасан нийт 5800 тонн улаанбуудайн элит үрийн нэг тонн тутмыг 880,000 төгрөгөөр, 1-3 дугаар репродукцын үрийн тонныг 830,000 төгрөгөөр, хүнсний буудайн нэг тонныг чанартай нь уялдуулан тонн тутмыг 480,000-560,000 төгрөгөөр худалдахаар боллоо. Аж ахуйн нэгж, иргэд үнийн дүнгийн 40 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж буудайн үр худалдаж авах боломжтой юм.
Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндсэн чиглэл Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 18 зорилттой.
Эдгээрийг хэрэгжүүлэх 96 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг тусгажээ.
Тухайлбал Макро эдийн засгийн бодлогын хүрээнд гэхэд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах юм.
Мөн нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөл бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Ганга, Өгий нуурыг сэргээхэд хөрөнгө гаргана
Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгав. Цаашид тайланг дөрвөн жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, уур амьсгалын болон байгаль орчны төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийн талаарх байнгын ажиглалт, судалгаа, шинжилгээнд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар тогтлоо.
Мөн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Ногоон хөгжлийн бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг хангахтай холбоотой тайланд туссан арга хэмжээг хэрэгжүүлэхийг сайд нарт даалгав.
Гол, горхи бохирдуулсан, байгаль орчин сүйтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хатуу хариуцлага тооцож, энэ жил Ганга, Өгий нуурыг хамгаалж үлдэх, сэргээхэд хөрөнгө гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тайлангаас үзвэл манай орны агаарын дундаж температур сүүлийн 20 гаруй жилд 2,2 градусаар дулаарсан байна. 1990-2000 онд дунджаар жилд 30 орчим аюулт үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол ганцхан жилийн дотор 47 болж өссөн байна. Манай улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хийн ялгаралт дэлхийн дунджаас өндөр болох нь тогтоогджээ.
Малын тоо 1990 оноос хойш 2.5 дахин өссөн, бэлчээр сэлгэх, отор нүүдэл багассан нь бэлчээр доройтож, цөлжих үндсэн шалтгаан болж байна. Говьсүмбэр аймгийн 62,8 хувь, Дорнод аймгийн 43,5 хувь, Сүхбаатар аймгийн 31,1 хувь, Дундговь аймгийн 27,9 хувь, Өмнөговь аймгийн 17, хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн судалгаа гарчээ.
Уул уурхайн газрын талбай 28 гаруй мянган га-гаар өссөн нь Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт ашиглалтын тусгтай зөвшөөрөлтэй талбай нэмэгдсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээс харвал 774 булаг, шанд, 263 гол, горхи, 346 нуур ширгэсэн байна.
Хот, суурин газарт агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс тогтмол давах болсон. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хороолол, усан халаалтын зуухнаас, 10 хувь нь автомашинаас, 6 хувь нь дулааны цахилгаан станцаас, 4 хувь нь хог шорооноос үүдэлтэй болох нь тогтоогдсон байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 2015 онд хүлцэх агууламжаас 2,4 дахин их байсан бол энэ онд гурав дахин их болжээ. Баянхонгор, Даланзадгад хотод хүхэрлэг хийн агууламж хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.
2014 онд Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч шинжлэхэд нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй газруудад аммони буюу шивтрийн бохирдол өндөр гарчээ. Мөн хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаас болж Туул голын бохирдол нэмэгдсэн бол Орхон голын адагт нитратын азот, эрдэс фосфорын агууламж 1985 оноос өсөх хандлагатай байгаа нь тогтоогдоод байна.
Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг, Макаод үйлчилдэггүй юм. Эдгээр бүс нутагт зорчих монгол иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа, мөн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байгаа зэргийг харгалзан Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Макао хооронд Ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй боллоо
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав.
Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шаатрдагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх юм.
Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтэд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүл, эдийн засаг, улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж байна.
2021 он гэхэд:
- Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай асуудлыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ
- Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно
- Олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно
- Жендэрийн сургалтад хамрагдсан удирдах ажилтан, төрийн албан хаагч 50 хувиар нэмэгдэнэ
- Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана
- Дүрэмдээ улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн суудлын квотыг 30 хувиас доошгүйгээр тогтоосон намын тоо нэмэгдэнэ
- УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцоолж байна.
Товч мэдээ
- УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны 03 дугаар сарын 27-30-нд Япон Улсад хийсэн албаны ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улс ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн багц дахь японы оролцоо, дэмжлэгийг тодорхой болгох, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь айлчлалын зорилго байв.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.