БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулсан “Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017” олон улсын сургалтад Стандарт, хэмжил зүйн газар болон Баян-Өлгий, Орхон, Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4-р сарын 10-аас 30–ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн хамрагдсан байна.
СХЗГ–ын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдснаар Монгол Улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо, шаардлагыг илүү гүнзгий ойлгох, цаашдын олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг ижилтгэх, худалдааны түншлэлийг өргөжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах үйл ажиллагаанд ахиц гарах болно гэж үзэж байна.