НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Нэмэгдсэн: 2017-05-15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.

Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй “Бүс ба зам” санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих болно, ялангуяа байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрсдэлээс сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын олон улсын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урив.

Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, 15000 гаруй цэргээ илгээсэн бөгөөд энэ хугацаанд монгол дайчид энхийг сахиулагчдын нэр төрийг өндөрт өргөж, хэд хэдэн удаа хүндтэй гавьяа байгуулсныг Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Мөн дэлхий нийтэд энхийг сахиулах, хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсэд Монгол Улс цаашид ч НҮБ-ын мандатын дор хувь нэмрээ оруулах болно гээд энхийг сахиулахад Монголын эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, инженерингийн рот илгээх боломжтойг онцлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монголын энхийг сахиулагчид тооноос гадна чанар, чадвараар НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа саналыг бүх талаар дэмжих болно” гэлээ.

Монгол Улс анх удаа инженерингийн рот илгээх сонирхолтой байгаа нь сайн хэрэг, тэднийг хүлээж авахад бэлэн, мөн хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд нийгмийн амгалан байдлыг тогтоох, хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг ноён Антонио Гутерреш онцоллоо.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ажлаа авснаас хойш Монгол Улсаас уулзаж байгаа анхны Ерөнхий сайд нь Ж.Эрдэнэбат юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл