Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан боллоо

Нэмэгдсэн: 2017-06-15

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Зөвлөлийн даргаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажилладаг юм.

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Эрдэнэс Таван толгой ХК-ий хурлын танхимд зургаадугаар сарын 10-ны өдөр хийлээ. Анхны хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомтыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах замаар боомтоор нэвтрэх экспортын уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдэлд хүрэв. Нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл одоо ашиглаж байгаа зам хэт ачаалалтай байгаа учраас засварын ажлыг яаралтай дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Мөн хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг хэлэлцэн баталсан юм. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын тухайд санал солилцлоо. Хуралд Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХК, “Энержи Ресурс” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Хөгжлийн хөтөч” төслийн нэгж болон бусад тээврийн компаниуд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Төрийн байгууллагуудын мэдээлэл