Засгийн газрын хуралдаан 2017.07.04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
-Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
Мөн "Эрдэнэт үйлдвэр"ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
-“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлнэ гэсэн зорилт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авах үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан. Шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Долдугаар сарын 10-ны даваа гаригт амарч, 16-ны ням гаригт ажиллана
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэв. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гараг ажлын өдөр байхаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо. Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалаас санхүүжүүлэх боломжгүй протезийн хэрэгсэл болон гадаадад хийлгэсэн протез, ортопедийн үнийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.
Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа олгож байхаар болсон байна.
Ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм.
Тухайлбал магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг болгож Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргийг дээрх журмуудад тусгалаа.
Сумдад аврах анги байгуулна
Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо.
IV зэрэглэлийн гал унтраах анги 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан албан хаагчийн тоог 39-өөр тогтоосон байна.
Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 138 удаа ой, хээрийн түймэр гарч 31 мянга га ой, 3.2 сая га түймэрт өртөж, байгаль экологид 10 гаруй тэрбум, эд материалын тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас дөрвөн хүн нас барж дөрвөн хүн түлэгдэн 41 айлын гэр, 64 саравч, 6143 толгой мал, бусад зүйл шатсан байна.
Тэгвэл мөн хугацаанд 1792 удаа объектын гал түймэр гарч зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарчээ. Галд 22 хүн амиа алдаж, 19 хүн түлэгдэн 822 толгой мал хорогдож, 764 гэр, орон сууц шатсан байна. Аврагч, гал сөнөөгчид 462 хүний амийг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 10 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймэрт өртөхөөс сэргийлж чаджээ.
Нийгэм, эдийн засгийн байдлаас болж хотын есөн дүүрэгт 14, 21 аймгийн 330 сумын 42-т нь л гал түймэр унтраах аврах анги ажиллаж байна.
Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана
Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.
Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.
Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.
Ахмадын сан байгуулж ажиллуулах журмыг баталлаа
Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм.
Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгажээ.
БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ
БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.
Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус оруулж ирэн дөрвөн жил үйлчилгээнд ашигладаг байна.
Товч мэдээ
- “Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан боловсруулах журам”, тайлан хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг шинэчлэн батлав.
- УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв. Хэд хэдэн саналыг хууль санаачлагч Н.Оюундарь гишүүнд уламжлахаар тогтлоо.
- Албадлагын арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, устгахтай холбоотой харилцааг зохицуулах журмыг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.