Ашигт малтмал олборлож буй иргэд, ААН-үүдэд хяналт, шалгалт хийлээ

Нэмэгдсэн: 2017-09-07

Аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ашигт малтмал олборлож буй иргэд ААН-үүдэд тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Энэ хүрээнд дээрх ажлын хэсэг 9 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Шарын гол, Хонгорын сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг хийлээ.

Энэ удаагийн хяналт, шалгалт нь хууль бусаар алт олборлож буй иргэд, ААН-ийн ажлыг зогсоох, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаатай нь танилцах, хэрэгжилтэнд хяналт тавих, тэдний санал бодлыг сонсох, орон нутгийн иргэдээс санал авах хүрээнд явагдсан байна.

Хяналт, шалгалтын явцад ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй газруудад алт олборлох зорилгоор техник төхөөрөмж байршуулан ухалт хийсэн 4-н зөрчлийг газар дээр нь илрүүлжээ. Хууль бусаар алт олборлосон дээрх Аж Ахуй Нэгжүүдийн  эзэд нь олдохгүй, ажилчид нь байгууллагынхаа эзнийг мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй мэлзэж байгаа юм. Тиймээс аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж, хууль бусаар алт олборлосон эдгээр ААН-үүдийн эздийг тогтоон энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл