Монгол алтны уулзвараас Дархан хүнсний уулзвар хүртэлх Ф300мм-н 1311 метр цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг "Альянс Тех" ХХК 9 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Гэвч тус ажлыг хийхийн тулд иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх зорилготойгоор 2016 онд баригдсан 1062 м2 явган хүний зам болон тухайн орчны ногоон байгууламжийг сэндийчилж, эвдэлсэн байна. Энэхүү эвдэлсэн явган хүний зам болон орчныг гүйцэтгэгч компанийн зүгээс төсөв байхгүй учраас засварлан хэвийн байдалд нь оруулах боломжгүй гэжээ. Тиймээс аймгийн ЗДТГ-аас холбогдох яаманд албан бичиг илгээсний хариуд "Альянс Тех" ХХК нь 2014 онд дээрх замын ажлыг хийх гэрээ байгуулсан тул явган хүний зам барихаас өмнө ажлаа гүйцэтгэх ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэж дуусгаагүй учир цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг гүйцэтгэгч "Альянс Тех" ХХК-ийг өөрсдийн төсвөөр тухайн орчны явган хүний зам, ногоон байгууламжийг хэвийн байдалд нь оруулах шаардлагатай гэсэн байна. Гүйцэтгэгч компанийг нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр зөвшилцөлд хүрэх хүртэл Дархан сумын 6 дугаар багт хийгдэж буй цэвэр усны шугам хоолой шинэчлэх ажлыг нь түр зогсоогоод байгаа юм. Уг нөхөн сэргээлтийн ажилд ойролцоогоор 100 орчим сая төгрөг шаардлагатай талаар холбогдох албаныхан хэлж байна. Үүнээс явган хүний замын нөхөн сэргээлтэнд 40 гаруй сая төгрөгийг зарцуулах ажээ.
М.ГҮНЖИЛХАМ