Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга болоод ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо гишүүд өнөөдөр /2017.09.21/ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тулгамдаж буй олон асуудлуудаа хэлж ярилцахын зэрэгцээ хорооны зүгээс тухайн байгууллагад олон санал зөвлөмжийг өгчээ. Өнөөдрийн уулзалтын эхэнд НААҮГ-аас энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудын тайлангаа хяналтын хороонд танилцуулсан юм. “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрөөс болон зүлэг талбай, ногоон байгууламжийн арчлалт суулгац, хог тээвэрлэлт, мод үржүүлгэ, золбин нохойн устгал, хот доторх малын туувар зэрэг олон ажлын дүн мэдээ тайланг өглөө. Дархан хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажилладаг энэ байгууллага орон нутгаас тогтоосон төсөв хөрөнгөд багтаан өөрсдийн бүхий л ажилдаа хуваарилан зохион байгуулдаг. Дархан хотын хэмжээнд хог тээвэрлэлтэнд явж байгаа 30 орчим авто машин, техник байгаа ч үүнээс 16 нь насжилт өндөр буюу ашиглалтын хугацаа дууссан 1975 оны машинууд байгаа юм. Иймд энэ асуудлыг аймаг, орон нутгийн зүгээс анхааралдаа аван гадаад орны туслалцаа санхүүжилт зэргээр шинэ машин техник технологийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг талууд хэлэлцэж байлаа. Мөн үеэр Байгаль орчин, экологийн хяналтын хорооны зүгээс байшин хорооллын цэвэрлэгээ, хог тээвэрлэлт сайн байгааг онцлохын сацуу гэр хорооллын хог тээвэр арчлалт, хамгаалалтыг орхигдуулаад байгааг тэдэнд хэлж байсан юм. Харин тухайн байгууллага Дархан сумын 18 баг бүрт хүрч ажиллаж байгаа хэдий ч иргэд өөрсдөө хог тээвэрлэлтийн төлбөрөө тухай бүрт нь төлдөггүй учраас асуудал үүсгэдгийг хэлж байлаа. Иймээс зам талбай, хог хаягдлыг цэвэрлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлэх баримт бичиг буюу ирэх 4 жилийн мастер төлөвлөгөөг боловсруулан батлан ажиллах нь зүйтэйг хорооны зүгээс НААҮГ-т зөвлөж байсан юм. Бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж орон нутгийн хөгжлийн сангаас гэр хорооллуудад шинэ замууд баригдсаар байгаа. Гэвч шинээр ашиглалтанд орсон тухайн замуудад шороо тоос ихээр цугларч, эргээд тоосжилт үүсгэх асуудлыг дагуулж буйг анхааруулан арчлалт хамгаалалт эсвэл бохирдол үүсгэхээс хэрхэн сэргийлэх арга замыг боловсруулах нь зүйтэйг Байгаль орчин экологийн бодлого хяналтын хороо гишүүн М.Жаргалсайхан хөндөж байсан юм. Манай аймгийн НААҮГ нь Байгаль орчны яамнаас 21 аймагт зарласан цэвэр сайхан хот аянд оролцон 3 дугаар байр эзэлж 7.5 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд энэхүү хөрөнгөөр Дархан хотдоо шинэ ногоон төгөл байгуулахаар төлөвлөсөн байна. Дархан-Уул аймгийн НААҮГ-ын тохижилтын инженер Байгаль орчин экологийн хяналтын хороо НААҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан өнөөдрийн уулзалтаар холбогдох байгууллагаас олон санал санаачлагыг хүргүүлэхээс гадна НААҮГ-т тулгамдаж байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх эхлэлийг тавилаа.
М.ГҮНЖИЛХАМ