Дархан-Уул аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал энэ сарын 21-ний өдөр боллоо. Тус хурлаар аймгийн Засаг дарга болон ЗДТГ-т иргэдээс ирсэн санал, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн мэдээллэх, Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах, өвөлжилтийн бэлтгэл ажил зэргийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, Хонгор сумын “Эмт наран” ОНӨААТҮГ-ын уурын зуухны яндан энэ оны 06 дугаар сард байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалан хугарсан. Иймд 30 гаруй жилийн насжилттай тус зуухыг яаралтай засварлахад шаардагдах хөрөнгийг аймгийн төсөв болон сумын төсвөөс гаргаж халаалтын доголдол гарахгүй нөхцлийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Мөн улсын төдийгүй тив, дэлхийн аваргын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчдад хууль, тогтоомжийн дагуу мөнгөн тусламжийг Засаг даргын нөөцөөс нэг удаа үзүүлдэг. Энэ хүрээнд өнөөдрийн зөвлөлийн хурлаар 4-н хүүхдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болов.
Ирэх 10 дугаар сард Дархан-Уул аймагт БНХАУ-ын Уухай хотын дарга нар, Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд айлчлах ажээ. Айлчлалын хүрээнд хэлэлцэх асуудлууд болон бэлтгэл ажлын талаар мөн үеэр ярилцлаа.
М.ГҮНЖИЛХАМ