Аймаг, сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас өгөгдсөн чиглэлийн дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт СӨХ-дын тайлан сонгуулийн хурлууд 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулагдлаа. Тус хурлуудаар СӨХ-ны өмнөх жилүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил болон санхүүгийн тайланг хэлэлцэхээс гадна СӨХ-ны удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлөө шинээр сонгож цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4 СӨХ-ны хурал амжилттай болсон. Тухайлбал, Парк таун хотхоны СӨХ өнгөрсөн жилүүдэд камержуулалт, зүлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбай, хог хаягдал зэргийг цогцоор нь шийдэж оршин суугчдын ая тухтай, аюулгүй, цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна оршин суугчдын дунд эргэх холбоог бий болгож тэмдэглэлт баяраар уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж Соёлч өрх, Тохижилт сайтай орц зэргийг тогтмол шалгаруулан урамшуулдагт иргэд ихээхэн талархдаг бөгөөд аймагтай үлгэр жишээ болоод байгаа юм.
Дархан сумын хэмжээнд нийт 36 СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд хэвийн үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэл байнга учирдаг тухай СӨХ-дын удирдлагууд ярьж байна. Тиймээс СӨХ нь оршин суугчдын сэтгэлд нийцсэн бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлдэг, харин оршин суугчид нь сар бүрийн төлбөрөө тогтмол төлдөг байх зөв тогтолцоог бүрдүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг өнгөрсөн хурлуудаар онцолж байлаа.
М.ГҮНЖИЛХАМ