Монгол улс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх, наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хуулиар төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх “Нийгмийн ажилтан” гэх ажил мэргэжил үүсч, энэ онд 20 жилийн ойтоогоо золгож буй. Тэгвэл нийгмийн ажил мэргэжил үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийлэлийн нийгмийн халамжийн газар, Монголын нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд хамтран “Үйлчилгээний чанарыг – Амьдралын чанарт” сэдэт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа.
Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан Муг зэрэг хүндэт зочид төлөөлөгчид болон Монгол, Солонгосын хөдөлмөр нийгмийн халамжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, практик нийгмийн ажилтнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, хороо, сургууль, гэр бүл, хүүхэд, халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын нийт 500 нийгмийн ажилтан оролцлоо.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Монгол Улс анх 1995 онд Нийгмийн хамгааллын бие даасан хуультай болсон. Нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг хуульчилж, тодорхой болгосон. Мөн энэхүү хуулиар төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг нийгмийн ажилтнаар дамжуулан иргэдэд хүргэхийг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн ажилтнуудыг бэлтгэдэг нийгмийн ажилтны салбарынхантай нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэн. Яамны зүгээс хүн ам, нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд судлаачид, мэргэжилтнүүд та бүхэнтэй хамтран ажилладаг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг ч энэ хүрээнд зохион байгуулж байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын түвшинг 29.6 хувьтай байгаа тухай судалгааны дүнг олон нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 30 нь хүнсний болон амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна хэмээн судалгааны багийнхан мэдээлсэн. Улс орны эдийн засаг хямралтай байгаа ч нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт болон бусад төрийн суурь үйлчилгээг цогцоор нь шинэлэг байдлаар хүргэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарсан. Энэ хүрээнд манай яамнаас хөдөлмөр эрхлэлт, гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхэлсэн. Өнөөдрийн хурал хууль эрхзүй, халамжийн бодлогын шинэчлэлтийг хэлэлцэх, нийгмийн ажилтнууд хоорондоо туршлага солилцох, гадаадын нийгмийн халамжийн туршлагаас суралцах, хоорондын үйл ажиллагааг уялдуулах зэрэг үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэж байна. Та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоорой” гэв.
Хурлын үеэр Монгол Улс болон БНСУ-ын гэр бүл, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцооны хөгжлийн чиг хандлага, тухайн салбарт тулгамдаж буй асуудал шийдэл, үйлчилгээний хөгжил, ажлын туршлага зэрэг сэдвийн хүрээнд хоёр орны эрдэмтэн судлаачид, нийгмийн ажилтнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр хуралд оролцогчидтой уулзаж, цөөн хором ярилцлаа.
/Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/
-Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, гадаадын улс орны туршлагын талаар хэлэлцүүлэг хийлээ. Хуралд оролцсон илтгэгчид гэр бүлд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай талаар ярьж байна. Танай байгууллага гэр бүлд чиглэсэн ямар үйлчилгээг үзүүлж байна вэ. Ажлын үр дүн ямар байна?
-“Үйлчилгээний чанарыг-Амьдралын чанарт” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэд хэдэн ач холбогдол бий. БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагууд гэр бүлд чиглэсэн үйлчилгээгээ одооноос сонгож эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд гэр бүлд суурилсан халамжийн үйлчилгээнд шилжиж байна. Харин бид шилжих бэлтгэлээ хийж байгаа юм. Энэ цаг үе нь хоёр орны хувьд нийгмийн халамжийн чиглэлд харилцан туршлага солилцоход үр дүнтэй. Мөн Солонгос улсын хувьд дайны дараа гэр бүл, хүүхдэд чиглэсэн халамжийн үйлчилгээ нь хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхээс эхэлсэн юм билээ. Уг үйлчилгээгээ олон улсын болон иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаад 1961 оноос төр нь анхаарал тавьж эхэлсэн. Одоо хүртэл Солонгост халамжийн үйлчилгээ үзүүлдэг нийт байгууллагын 70-80 хувийг төрийн бус байгууллагууд бүрдүүлдэг. Энэ туршлага нь Монгол Улсад халамжийн үйлчилгээг ялангуяа гэр бүлд чиглэсэн халамжийн үйлчилгээг хөгжүүлж, амьдралд ойртуулахад ихээхэн ач холбогдолтой. Гэр бүлд суурилсан халамжийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Солонгосын мэргэжилтнүүдээс хамтран туршлага суралцах нэлээд том хамтын ажиллагааны эхлэл болж байна.
-Монгол Улсын хувьд гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжлийн үйлчилгээг тодорхой болгох шаардлагатай байгаа шүү дээ. Тэр дундаа гэр бүлтэй холбоотой олон асуудал бий. Гэр бүл хөгжих боломж нь хэр байна. Энэ талаархи ажил хэр ахицтай байна вэ?
-Энэ бол Монгол Улсад болж байгаа хамгийн чухал зүйл. Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын өнөөдрийн илтгэлд гарсан. Монгол Улс жилд 1.9 их наяд төгрөгийг халамж болон хүн амын бодлогод зарцуулдаг ч хөгжлийг дэмжсэн үйлчилгээнд мөнгө зарцуулдаггүй. Тухайлбал, 2018 оноос эхэлж хэрэгжих цалинтай ээж хөтөлбөр гэр бүлийг дэмжиж байна. Хүүхдийн хүмүүжлийг гэр бүлийн орчинд авчирч байгаа юм. Ээжээс илүү хүүхдийг хүмүүжүүлэх өөр боломж байхгүй. Тэгэхээр энэ дэмжлэг оновчтой болсон. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ жил Гэр бүлийн тухай хуулийг шинээр УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлэхийг хүлээж байна. Энэ хуулиар маш олон зохицуулалтыг хийсэн. Гэр бүлд суурилсан, гэр бүлийг хөгжүүлэх үйлчилгээнийхээ нэр төрлийг бодож олох ёстой. Ямар гэр бүлд нь дэмжлэг хэрэгтэй, ямар гэр бүлд нь хамгаалалт хэрэгтэй, ямар гэр бүлийг хөгжүүлэх шаардлагатай юм гэх мэтчилэн асуудалд анхаарах ёстой.
-Гадаадын зарим улс оронд гэр бүлийг хөгжүүлэхэд үндсэн суурь чухал гэж үзэж, хууль эрхзүйн орчныг сайн бүрдүүлдэг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан гэлээ. Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?
-Гэр бүлийн тухай хууль 1996 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Бид хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Нийгэмд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан эцэг, эхчүүдэд ямар арга хэмжээ авах зэрэг хариуцлагын асуудал байна. Гэр бүлд хүрэх үйлчилгээний орон нутгийн нэгж нь ямар бүтэцтэй байх, гэр бүлд зориулж байгаа үйлчилгээний нэр төрлийг тодорхой болгох, яаж хэрэгжүүлэх зэрэг олон зүйл бий. Нийгмийн халамжийн үндсэн суурь нь гэр бүл юм. Хувь хүн гэхээс илүү гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан халамжийн үйлчилгээг бий болгох бодлого хэрэгжүүлэх нь чухал.Өөрөөр хэлбэл, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт энэ бүх гишүүдэд хүрсэн үйлчилгээ үзүүлэх нь чухал болоод байна.
Со Сан Муг: Монгол Улс нийгмийн салбарын тогтолцоог илүү тодорхой болгож, чанарыг сайжруулах хэрэгтэй
/Нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч/
-Солонгос болон Монгол Улсын нийгмийн халамжийн үйлчилгээний ялгаа гэвэл, манай улс 1952 оноос эхлэн иргэний байгууллагууд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тухайн үеийн Засгийн газар нийгмийн халамжийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлэхэд санхүүгийн хувьд ч боломжгүй байсан. Гэхдээ манай улсын эхлээд эдийн засаг хөгжсөн. Үүнийг дагаад халамжийн үйлчилгээ, халамжийн газар хөгжсөн. Үүнээс харахад БНСУ эдийн засгийн хөгжилдөө тулгуурлан халамжийн үйлчилгээг хөгжүүлсэн нь энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болсон. Миний бодлоор Монгол Улсын Засгийн газраас нь нийгмийн халамжийн үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Гэхдээ Монгол Улс нийгмийн салбарын тогтолцоог илүү тодорхой болгож, чанарыг сайжруулах хэрэгтэй. Үүнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал.