ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т. Энхтайван, Нийслэлийн иргэдийн хурлын дарга Д.Баттулга болон бусад албаны хүмүүс 2013-05-29-ны өдөр Зайсан дахь Хүүхдийн хорих ангийн хүүхдүүдтэй уулзлаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болох гэж байгаатай холбогдуулан ХАХНХЯ, ХТҮГ, Нийслэлийн удирдлагууд болон төлөөллүүд уг уулзалтыг зохион байгуулсан юм. “Энд хүмүүжиж байгаа хүүхдүүд бол Монгол Улсын ирээдүй. Нэг удаа алдсан бол одоо алдаагаа ухамсарлан, дахин давтахгүйгээр ангидаа сурч боловсорч, мэргэжилтэй болж, ирээдүйн эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцох Монгол улсын ирээдүйн эзэд юм.
Тэр ч утгаараа ХАХНХЯ, ХТҮГ, Нийслэлийн удирдлагууд болон төлөөллүүд Зайсан дахь хүүхдийн хорих 411-р ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдэд “олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийн мэнд дэвшүүлсэн. Мөн энд хүмүүжиж байгаа хүүхдүүддээ алдаанаасаа суралцаж, цаашид сайн хүн болоорой гэж захин, хүүхэд бүрт ном бэлэглэсэн юм.
Зайсан дахь хүүхдийн хорих 411-р ангид 33 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд хүүхдүүдийг нийгэмшүүлэх, сурч боловсроход нь анхаарч ерөнхий боловсролын дунд сургуулийн мэдлэг олгох болон гагнуурчин, ногоочин, тогооч зэрэг мэргэжлийн сургалт явуулдаг байна.