Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ
Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо.
Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд нар болон Өмнөговь аймгийн Засаг даргад даалгав.
Гаалийн хяналтын бүсийн ажлыг эрчимжүүлэх, Гашуунсухайт боомтод орчин үеийн рентген аппарат, хяналтын тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сан болон бусад эх үүсвэрээс гаргах болсон байна.
Нүүрсний тээвэр эрхэлдэг болон гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчны талаарх хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад тогтмол хяналт тавьж ажиллахыг холбогдох агентлаг болон аймгийн удирдлагад даалгалаа.
2017 оны долоодугаар сараас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж буурсан. Үүнээс болж Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд ачаалал эрс ихэсч 140 км урт дараалал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсний дараа санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх
нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж
гаргахаар тогтов.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Хэлэлцээрийн төсөлд:
- Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
- Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
- Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих
- Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.
Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.
Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг.
Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.
Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа.
Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт оруулах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахыг зорьж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Товч мэдээ
· “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулан байгуулав. Яам, хотын захиргаа хамтран арьс, ширний үйлдвэрүүдийг энэ онд багтаан Эмээлтийн үйлдвэрийн шинэ бүсэд шилжүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.