Монгол
Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга
хэмжээ авч хэрэгжүүлж буй. Өнөөдөр /2017.12.05/ Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам хамтран Гадаад харилцааны яамны хурлын
танхимд “Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал зохион
байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын
дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд;
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэхүү өгөөмөр сэтгэлийн дэм эдүгээ ч үргэлжилж, манай улсын эдийн засаг төсөв санхүүгийн шинэчлэл хөгжлийн бодлогын санхүүжилтэд талархал илэрхийлэв. Мөн 1996 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа сүүлийн 10 гаруй жилд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт урагшилж, дээд өндөр түвшний итгэлцэл гүнзгийрч, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр зэрэг нэн чухал баримт бичгүүдээр агуулгыг нь баяжууллаа гэв .
Монгол Улс бие даасан хөгжлөө бататгаж, Монгол, Японы харилцааг хоёр улсын хөгжил цэцэглэл төдийгүй бүс нутгийн энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллах болно
Монгол, Японы харилцааны баялаг түүх, үнэт өв, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг туршлага, санал бодлоо илэн далангуй хуваалцах энэхүү форум нь хоёр улсын цаашдын харилцааны чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко үг хэллээ. Тэрээр
Манай хоёр орны харилцаа өдгөө Стратегийн Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн. Монгол Улсад ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд манлайлж оролцсон Ерөнхий сайд асан Д.Содномд талархал илэрхийлэв.
Япон Улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар “Монгол, Японы харилцаа, хувьсал, гэрэл сүүдэр” сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг тавилаа. Монгол Улсад гадаад улс орнуудын үзүүлж байсан зээл тусламжийн гуравны хоёр буюу нийт 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шилжилтийн үед Япон Улс дангаар хийсэн байна. Дээд өндөр хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжсон. Манай хоёр улс өдгөө Дипломат харилцаа тогтоогоод зогсохгүй, Стратегийн түншлэлийн шинэ шатанд дэвшин хөгжиж байгаа нь үсрэнгүй хөгжил гэж хэлж болно гэв
гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.