Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.
Концессын гэрээг цуцалсан Засгийн газрын
тогтоолыг хүчингүй болгов
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов.
Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Дээрх чиглэлийн 630 км хурдны замын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй хэрэгжүүлэхээр болж 2011 онд уралдаант шалгаруулалт зарласан байна. “Алтанбулаг-Улаанбаатар” чиглэлд “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” шалгарсан бол “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд оролцогч тодроогүй юм. Иймээс хоёр төслийг нэгтгэн дээрх компаниар гүйцэтгүүлэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар зөвшөөрчээ.
Концесс эзэмшигч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш есөн сарын хугацаанд болон гэрээ цуцлах шийдвэр гаргасан 2015 оны тавдугаар сар хүртэл нэг ч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байна. Үүнийг “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхэд хандаад байжээ.
Товч мэдээ
- Гадаад улсын Консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яам таван сая төгрөг хандивлахаар болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.