Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаан боллоо

Нэмэгдсэн: 2018-01-05

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулсан юм.

Зөвлөлдөх хороонд төрийг төлөөлөн Үндэсний хөгжлийн газрын дарга, хувийн хэвшлийг төлөөлөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга ажиллана. Хорооны гишүүдэд холбогдох яам, агентлаг болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын удирдлагууд багтжээ.

“Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” нь хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудал бүрийг хэлэлцүүлж, санал авч, зөвлөлдөх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй юм. Тус хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.  

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуралдаанд оролцлоо.

Тэрээр “Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллага Монгол Улсын эдийн засгийн менежмент, санхүүгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулах, харилцан хяналттай механизмыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөөр ирсэн гэдгийг тэмдэглээд төр, хувийн хэвшлийн түншлэлийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бусад орны туршлагаас суралцах зүйл их байгаа гэлээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, концессийн гэрээ хэлцэлд хувийн хэвшлээс хяналт тавих, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, санал хүсэлтийг нь сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хорооны үйл ажиллагаа чухал дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гурван хороотой ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/1x1IKjgkeos" frameborder="0" gesture="media" allow="encrypted-media" allowfullscreen></iframe>


Төрийн байгууллагуудын мэдээлэл