Х.Соёл-эрдэнэ
НӨАТ-ын Урамшууллын системийн зарим эргэлзээтэй асуудлаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч П.Наранчимэгтэй ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн 2018 оны НӨАТ-ын урамшууллын системийн талаар товч мэдээлэл өгнө үү?
- Дархан-Уул аймгийн хэмжээнд НӨАТ төлөгч 768 иргэн ААН, НӨАТ төлөгч биш 2201 нийтдээ 2969 иргэн ААН сугалааны дугаартай баримт олгон үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Баримт олголт, азтан тодролтоороо нийслэл УБ хотын дараа хоёрдугаар байранд ордог. 2018 оны байдлаар 1 дүгээр сард 315 азтан, 2 дугаар сард 291 азтан, 3 дугаар сард 373 азтан, 4 дүгээр сард 376 нийт 1355 азтан тодорсноос 5.000.000 төгрөгийн нэг азтан, 1.000.000 төгрөгийн 13 азтан тодорч хонжворын мөнгөө баталгаажуулж авсан байна.
- Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ?
- Иргэдийн бүртгүүлсэн баримтыг ААН “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ингэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулах мөн тухайн баримтын ДДТД-аар шивж оруулснаар автоматаар баталгааждаг байна. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулах боломжтой. Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал болон сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 2400 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сугалаанд орох боломжтой.
- Иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?
- Манай 1800-1288 утсанд ирсэн гомдлыг хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Манай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800-1288 дугаарын утсанд 16 санал гомдол ирсэн байна. Ирсэн гомдлын ихэнхдээ төлбөрийн баримт олгоогүй, үүнээс кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан, хямдарсан бараанд НӨАТ олгохгүй, и-мэйл хаягаар илгээнэ гээд илгээхгүй тохиолдлууд ихэнх хувийг эзэлж байгаа, баримт олгоогүй давтан зөрчил гаргасан 3 хуулийн этгээдийг Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож торгууль ногдуулсан.
- Зарим худалдааны төв дугаар нь сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгч байна. Тавигдах шаардлага байдаг уу?
- Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Кассын машины стандартад төлбөрийн баримт хэвлэх цаас, хор ямар байхыг тодорхой заасан байдаг, үүнийг биелүүлэх үүрэгтэй.
- Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой уу?
- НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй. Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын 20 хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.
- НӨАТ-ын баримт хэвлэх машиныг хаанаас авч хэрэглэх вэ?
- ebarimt.mn сайтруу ороод баримт хэвлэх машиныг худалдаалах эрх бүхий компанийн жагсаалт байдаг. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбооны гишүүн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тохирсон боломжийн үнийн саналтай хэрэглэгч хүсвэл тайлан гаргах хэмжээний програм суулгасан хэвлэх машин санал болгож, мэдээлэл өгч, суурилуулан ажилладаг.
- Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?
- Кассын машины талаар их зөв ойлголттой болох хэрэгтэй. Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаандаа тохирсон кассын машин хэрэглэх нь зохистой. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байдаг. Зах зээл дээр 30,000 төгрөгөөс эхлэн зарагддаг.
- Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?
- Иргэд байр худалдан авсан төлбөрийн баримтаа өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 20 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Тиймээс иргэн та төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй.
ДАРХАНЫ МЭДЭЭ СОНИН №28 2018/05 САР, ТУСГАЙ ДУГААР