Ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж орон даяар зохион бичлэг, гар зургийн уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлалаа.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг илэрхийлсэн байхаас гадна татвараа зөв, шударгаар төлдөг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай байх шалгуур тавьсан байна.
Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс зохион бичлэг, гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 03–ны дотор хүлээн авч шалгаруулжээ. Манай аймгийн хувьд тус уралдаанд нийт 182 хүүхэд оролцсноос зохион бичлэгийн төрөлд Шарын гол сумын 6 дугаар сургуулийн 10А ангийн сурагч Ү.Баярцэцэг, гар зургийн төрөлд Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч С.Дуламсүрэн нарын бүтээлийг шалгаруулж, Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвд хүргүүлсэн байна.
Уралдаанд шалгарсан бүтээлийг Татварын Ерөнхий газрын “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээлээс” үзэсгэлэнд байршуулж, сурталчилгааны материалд эх загвар болгон алдаршуулах аж.
Гар зургийн уралдаанд шалгарсан бүтээл
С.Дуламсүрэн, 16настай, Дархан-Уул аймаг 4 дүгээр сургууль
Татвар миний бидний ирээдүй
Татвар гэж юу вэ?
Өргөн хаяагаа тэлж өндөр байшин сүндэрлэх миний нутгийн суурийг бататган зогсох шавар юм. Монгол гэх энэ улсын хамгаалалтыг хариуцсан хамгаалагч юм. Ардыг сонсох чагнуур тэтгэн дээшлүүлэх хишиг юм.
Ариун их ашиг шимийг хүртэх цаг буюу насны амралт амьдралын завсарлагаа авч эх орны хишгийг хүртмээр байвал......
Өөрийн ирээдүй ач зээ нартаа бүтэн эх орон гэрэлтэй ирээдүйг хүлээлгэн өгмөөр байвал.....
Дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгахаар хөгжүүлж дээшлүүлмээр байвал.....
Татвар гэх энэ зүйлийг тогтмол өгч хэвших хэрэгтэй. Төгсгөлгүй мэт үргэлжлэх талыг минь өрөө тасалгаатай олон байшингаар дүүргэж өсөн дэвжихийн эхлэлийг тавин хөгжих гэж зүтгэх миний Монгол. Өгөхөөсөө илүү авахаа боддог болсон цаг гэж хуучны хүмүүс бухимдан хэлнэ. Үгүй дээ үгүй. Хийх ёстой зүйлээ заавал хийж эцсийг нь хардаг эзний зан одоо ч улбаатай.
Хөрс дэлхий дээр амьдарч нутаг орны газар дээр мөрөө үлдээх хүн болгон л татварыг өгөх хэрэгтэй гэж би боддог. Энгийнээр ойлгож авъя гэвэл газар нутаг ашигласан төлбөр гэж ойлгож болох юм. Бид татвараас зугтаах аймхай хүмүүс биш. Бидний өвөг дээдэс хэдэн мянган цэргийн өмнөөс айлгүй тулалдаж энэ л нутаг газар шороо уул усыг үлдээсэн байхад бид хэдэн мянган төгрөгөөс зугтааж байвал гутамшиг.
Бөртэ чоно, Гоо Маралын удам гэж яриад яах вэ та минь ичиг ичиг...
Эх орны хөгжил удирдлагаас биш эх орноо гэсэн халуун сэтгэлтэй өөриймсөг ард түмнээс эхэлдэг юм. Харин хүн ирээд бидний эх орныг “Хөгжүүлье” гэхгүй шүү дээ. Тиймээс бид хичээх хэрэгтэй. Аугаа зүйл багаас эхэлдэг.
Тийм ээ аугаа зүйлийг эхлүүлэх нь бид. Арвин их баялагтай амар амгалангийн энэ эх орныг угтан авах хойч ирээдүйд үлдээх хэрэгтэй. Мандаж буй нар шиг туяа цацруулан гэрэлтэх тийм л ирээдүйн эхлэл нь бид.
Номин хөх тэнгэрт эрх дураараа дүүлэн, элэн халих шонхор шиг бусдын тороор хашигдахгүй эрх чөлөөтэй байхын тулд хүн бүр ухаарах хэрэгтэй. Атгасан гар шиг нэгдэж аливаа саадын өмнө уухай дуудан алгаа дэлгэн мөргөе.
Шарын гол сумын 6 дугаар сургуулийн 10 а ангийн сурагч Ү.Баярцэцэг