Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна

Нэмэгдсэн: 2018-05-23

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг бүрэн болон заримынх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.

Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм. 

Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авсан юм.

ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.

“Төмөр замтай болсноор илүү их ашигтай ажиллана, энэ хэрээр иргэдийн 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө

Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар боллоо.

Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн нь оршин суух тохиолдолд урьдчилан виз авахыг шаарддаг байсан. Шинэ журмаар үүнийг өөрчилж түр хугацаагаар ирсэн /жуулчин-J, бизнес –B, хувийн-H зэрэг ангиллаар/ бол оршин суух хүсэлтийг хянаж зөвшөөрөл олгож болохоор тусгажээ.

Гадаадын иргэн виз мэдүүлэхээс өмнө гурван сарын хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол виз олгодогггүй байсныг нэг сар болгосон байна. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан тухайн иргэн 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргадаг байсныг ч 30 хоног болгон өөрчилжээ. Түр ирсэн хүн визээ сунгуулан зургаан сарын дараа дахин сунгуулах эрх үүсдэг байсныг 90 хоног болгосон. Гэхдээ энэ нь төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэнд хамаарахгүй юм.

Гадаадын иргэн, уригч тал виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжийг ч бүрдүүлсэн байна.

Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм.

Мөн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталлаа.

“Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

2018-2021 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэд хаана байгаагаас үл хамааран бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар шуурхай авах боломжтой болно. Энэ хэрээр цаг хугацаа, зардал хэмнэх юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, цаасан хэлбэрийн бичиг баримтын тоо буурна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 91 тэрбум гаруй төгрөгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  Аж ахуйн нэгжийн орлогын, Хувь хүний, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан нэр бүхий 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Төслийг орон даяар хэлэлцүүлэхэд 5000 орчим санал ирсэн бөгөөд үүний 1950 гаруйг нь бичиг, цахимаар авчээ. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


-  “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.

-  Энэ сарын 07-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүнгээ тайлагнахыг сайд нарт даалгав.

-  Энэ оны нэгдүгээр улиралд сайд нар болон яам, агентлагт иргэдээс ирүүлсэн 77581 өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, хүүхдийн мөнгө авах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажилд орох, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.

-  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Макаод ял эдэлж байгаа манай улсын 12 иргэн үлдэх ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ байнга гаргадаг байна.

-  Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

-  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин,  Төрийн шагналт Э.Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл