Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн 80 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.
“Эерэг–Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт хүчний 013, 015, 032, 150 дугаар ангийн 1400 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн зохион байгуулсан.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү сургалтыг аравдугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.