Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний 5 дугаар чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн дарга Г.Занданшатар оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биенээсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж урам хайрлах нь чухал юм. Жишээ нь: Монголын нэгэн хөдөө суурин газарт Иргэний оролцоот төсвийн тусламжтайгаар төсвийн зардлаа 10 хувиар бууруулжээ” гэсэн юм.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Гүйцэтгэх захирал ноён Эдди Рич, Гүрж Улсын ерөнхий сайд асан Ника Гилауритай, Эстон Улсын төрийн захиргааны сайд Жанек Магги, Нээлттэй Засгийн түншлэлийн дэд захирал ноён Паул Массен, Бүгд Найрамдах Филлипин Улсын Засгийн газрын Төсөв, бодлого төлөвлөлтийн сайд ноён Бенжамин Диокно нартай 2 талт уулзалтад оролцож олборлох салбарын ил тод байдал, цахим засаглал, шударга, ил тод засаглалын бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар харилцан туршлага солилцож цээшид хамтран ажиллахаар тохролцов.
Мөн чуулга уулзалтын үеэр “Ази-Номхон далайн бүс нутагт төрийн үйлчилгээг шинэчлэх нь - чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэлэг санаачилгууд” панел хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, Төрийн албан хаагчийн хариуцлага, төрийн цахим шинэтгэлийн талаар гаргасан амжилт, авч хэрэгжүүлж буй алхамуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхитэй түншлэл, хамтын оролцооны талаар ярилцлаа.
Энэ удаагийн чуулга уулзалтад 70 гаруй гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.
“Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс `орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.