“Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой мал угаалгын ажил орон даяар явагдаж байна.
Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Тодруулбал, малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм. Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм.
Мал угаалга буюу креолинжүүлэх ажлыг зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө хавар, намрын улиралд хоёр удаа хийдэг байсан. Малыг эрүүлжүүлэх зорилготой энэхүү уламжлалт арга хэмжээг ийнхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй уялдуулан сэргээн зохион байгуулж байна.