Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний ахалдаг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан 2016 - 2020 онд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий зөвлөлийн гуравдугаар хуралдаан Төрийн ордонд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж өнгөрлөө.
Тус зөвлөлийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх орон тооны бус салбар зөвлөл, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтын талаар илтгэл мэдээллийг сонсох, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөний хөтөлбөр, өдөр, цагийг товлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэв.
Хуралдаанаар зөвлөлийн дарга болон гишүүд орон тооны бус салбар зөвлөлүүд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бодит, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байгааг сайшаагаад, цаашид анхаарах асуудлууд дээр чиглэл өглөө. Мөн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн” - ний хөтөлбөр, төлөвлөгөө болон зохион байгуулагдах хугацааг хэлэлцэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын зөвлөгөөнийг, орон нутгийн орон тооны бус улсын байцаагч нарт зориулсан сургалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд үндэсний Зөвлөлийн даргаас орон тооны бус салбар зөвлөлүүд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй, тодорхой ажлуудыг хийж ажилласаныг дүгнэн хэлээд цаашид орон тооны бус салбар зөвлөлүүд иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч үйл ажиллагаагаа дүгнэх, мөн жил бүр салбар зөвлөлүүдийн ажлыг дүгнэж байх, иргэн бүр хэрэглэгч тул хэрэглэгчдийг хэрэглээний соёлд сургах, хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх ажлыг идэвхжүүлэх, ялангуяа улс орны ирээдүй болсон хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн ажлыг түлхүү хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн” - ийг чанар, үр дүнг чухалчлан зохион байгуулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгалаа.