Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 25 дугаар хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн хурлаас зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой дараах чиглэлүүдийг өгсөн юм.
Үүнд:
1. Авто зам, замын байгууламжийн цас мөсийг арилгахад шаардлагатай тусгай зориулалтын бодис, давсыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх
2. Машин механизм, тоног төхөөрөмж, ажилчдын өвлийн хувцас, багаж хэрэгслийн иж бүрэн байдлыг хангах
3. Зам талбайн цас мөсийг арилгах, цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулах
4. Хот, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагын тохижилт, хог хаягдлын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
5. Сууц өмчлөгчдийн холбоодын орчны цас мөсний цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах
Үүний дагуу өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер дүүргүүдийн ТҮК-уудыг хүлээн авч уулзах үүрэг чиглэл өглөө. ТҮК-уудын зам талбайн үйлчлэгчид өглөө ажил эхлэх цагтай давхцуулан зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа нь замын хөдөлгөөнд саад болох, орчин тойронд их хэмжээгээр тоос, шороо бужигнуулж иргэдийн бухимдуулж байна. Жишээ нь: Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч 5-р цэцэрлэгийн үүд орчмын замыг өглөө бүр хүүхэд цэцэрлэгт өгөх цагаар шүүрдэж тоос бужигнуулж байна.
Иймд энэхүү нөхцөл байдалд өөрчлөлт оруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 10-р сарын 11-ний өдрийн Хуваарь батлах тухай А/261 дүгээр тушаал гарч зам талбайн цэвэрлэгээний өглөөний цагийн хуваарийг батлаад байна. Уг тушаалаар зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан өглөөний цагийн хуваарийг 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар 01 хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг, 10 дугаар сарын 01-ээс дараа оны 04 дүрээр сарын 01 хүртэлх хугацаанд 05:00-07:00 цагийн хооронд байхаар баталсан. Мөн дээрх цагийн хуваарь батлагдсантай холбогдуулан Хот тохижилтын газар болон дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний нийт байгууллагуудын удирдлагуудад өглөөний цагийн хуваарийг баримталж, өдөр, оройн цэвэрлэгээг замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулах, ажилчдын автобус гарган ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү тушаал шийдвэрийн дагуу цагийн хуваарийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажиллаж байгаа хөндлөнгийн хяналтын ТББ-ууд гүйцэтгэнэ.
Мөн давс бодисын нөөцлөлтийг дүүргүүд болон Хот тохижилтын газрууд хангалттай нөөцлөх шаардлагатай онцолсон юм. 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн байдлаар Хот тохижилтын газар болон 9 дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй зам цэвэрлэгээний компаниудад нийт 981,9 тонн давс, 512,9 тонн бодисын нөөцтэй байна. 10-р сарын сүүлийн хагас, 11-р сард нийслэлийн хэмжээнд нийт нэмж 2451 тонн давс, 1516 тонн бодис авахаар хүлээгдэж байна. Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын 500 тонн давс, 900 тонн бодис, Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 500 тонн бодис, 500 тонн давс нэмж худалдан авахаар ажиллаж байна. Дээр дурдсан одоо байгаа нөөц болон нэмж авахаар төлөвлөсөн давс, бодисын нийт дүн 3432,9 тонн давс, 2028,9 тонн бодис байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.