Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн яам, “Жайка”
олон улсын байгууллагатай хамтран “Эмнэлгийн ажилтны төгсөлтийн дараах сургалт”-ыг анх удаа эхлүүллээ. Тодруулбал, “Төгсөлтийн дараах ерөнхий мэргэшил судлал”
сэдэвт сургалт Орхон аймгийн БОЭТ-д нэг жилийн хугацаатай үргэлжилнэ. Үүнд орон
нутгаас 40 сая төгрөг зарцуулж байна. Уг
сургалтад эрүүл мэндийн чиглэлээр төгссөн эмч нарыг эмнэлгийн байгууллагыг
түшиглэн сургаж, дадлага туршлагатай болгохын сацуу Орхон аймаг боловсон хүчнээ
бэлтгэх гол давуу тал бий болж байгаа юм. Мөн үүнийг аймгийн ЗДТГ-аас
хэрэгжүүлж буй “Эмч” дэд хөтөлбөртэй уялдуулж байгаа ажээ.
Дээрх сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса, ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Мөнхзул нар оролцлоо.