Олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчиллаа

Нэмэгдсэн: 2018-11-02

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали Улсын Мелбурн хотод зохион байгуулагдаж буй “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д оролцож, Монгол Улсын уул уурхайн салбар болон хөрөнгө оруулалтын орчны талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, санал солилцож байна. Жил бүр зохион байгуулагддаг, Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болох “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д энэ жил 6,000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцож, хамтран ажиллах боломжуудын талаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж байна.

  Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Мелбурн хотод Монгол Улсын уул уурхайн салбар, төрөөс баримталж буй бодлого, хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой төслүүдийг танилцуулах зорилго бүхий MONGOLIA@IMARC-2018 форум зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 300 гаруй Австралийн болон бусад улсын хөрөнгө оруулагчид оролцсон нь манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхол их байгааг илтгэн харууллаа.  Энэ үеэр Засгийн газраас онцгой анхаарал хандуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зарим хэсгийг гадаадын хөрөнгө биржид бүртгүүлэн арилжих бэлтгэл ажил, цаашид хэрэгжих дэд бүтцийн болон боловсруулах үйлдвэрийн төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад танилцуулга хийв. Газарзүйн байршлын хувьд БНХАУ-ын томоохон гангийн үйлдвэрүүдтэй ойр байрладаг, коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ таатай байгаа зэргээс үүдэн олон улсын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байв.

Австрали Улсын банк, санхүүгийн байгууллагуудаас Оюу толгой болон бусад хайгуулын төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн, тус улсын Засгийн газраас дэмжин  Монгол Улсын геологийн салбарын мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад сайд Д.Сумъяабазар талархал илэрхийллээ. Мөн тэрбээр цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас үзэсгэлэнгийн талбай ажилуулж, 2019 оны 1 дүгээр улиралд багтаан дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр эхлүүлэх IPO-гийн талаар сонирхогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Тус компани IPO хийх дотоодын бэлтгэл ажлыг богино хугацаанд, шуурхай хангахаар ажиллаж байгаа билээ.  

Энэ удаагийн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, тус компанийн хувьцаа эрхэлсэн захирал Б.Батнайрамдал нар ажиллаж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удахгүй арилжих хувьцааны талаар УИХ, Засгийн газар, компанийн байр суурийг хөрөнгө оруулагчдад нэгдсэн байдлаар илэрхийлэх боломжийг олгож байна. Мөн “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес тус форумд оролцож, дэлхийн хэмжээний томоохон төслийг манай улсад хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны зарим хэсгийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжиж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэх нь манай улсын эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлж, ажлын байр нэмэгдүүлж, Өмнийн говьд байрлаж буй ашигт малтмалын ордуудын үнэ цэнийг үлэмж өсгөх ач холбогдолтой юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Австрали Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл