Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг 2018.11.16-2018.12.07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уралдааны зорилго: Жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжихэд оршино.
Уралдааны болзол: “Шинэ санаа - Шилдэг инноваци 2018” уралдааныг жижиг, дунд үйлдвэрийн салбарын асуудлуудыг шийдвэрлэх төсөл, нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төслүүд дараах болзлыг хангасан байна. Үүнд:
· Эдийн засгийн үр ашигтай;
· Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;
· Инноваци шингэсэн байх;
· Тулгамдаж буй асуудлыг товч тодорхой, оновчтойгоор гаргаж ирсэн байх;
· Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх;
Төсөлд техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.
Хамрах хүрээ: Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага гарааны бизнес эрхлэгч залуучууд оролцоно.
Чиглэл тус бүрээр шилдэг төслийг шалгаруулж шалгарсан 2 төсөлд грант олгоно.
Уралдаанд оролцох төслийн танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, хуучин орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/, цахим хувилбарыгinnovationub@gmail.com хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2018 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр гардуулна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70111291 дугаарын утас, innovationub@gmail.com хаягаар авч болно.