Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний ахалдаг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор баталсан 2016 - 2020 онд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаан Төрийн ордонд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
Хуралдаан яг цагтаа буюу 09:00 цагт зөвлөлийн гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр эхлэв. Тус хуралдааныг Үндэсний Зөвлөлийн дарга удирдан явуулсан бөгөөд дараах асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
1. Барилга, хот байгуулалтын яам болон Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар 2017, 2018 онд хийсэн ажлын тайлан, цаашдын зорилтын илтгэл, мэдээлэл
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 онд хийсэн ажлын тайлан, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон тооны бус зарим салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтыг танилцуулгыг тус тус сонслоо.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвлөлийн хурлын гишүүдийн саналаар батлав.
Хуралдааны үйл ажиллагааг дүгнэн Монгол Улсын Шадар сайд бөгөөд үндэсний Зөвлөлийн даргаас орон тооны бус салбар зөвлөлүүд, хэрэглэгчийн чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад дараах асуудалд анхаарч ажиллах чиглэл өглөө. Үүнд:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөний үеэр хэлэлцэгдсэн асуудлууд, зөвлөгөөнөөс гаргасан Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах
2. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайтар боловсруулах
3. Төв болон орон нутгийн Шадар сайдын хүрээнд ажилладаг төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах
4. Төв болон орон нутгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээрх орон тооны бус зөвлөлүүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх г.м...
Мөн энэ удаагийн хурлаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлийн тайлан, мэдээллийг сонсох байсан боловч хариуцсан хүмүүс нь ирээгүй тул Үндэсний зөвлөлийн даргаас дараагийн хуралдаанаар тус салбар зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулж тайлан, мэдээлэл хэлэлцүүлэхийг үүрэг болгов.