Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан Чойр-Сайншанд чиглэлийн 176,3 км автозамын нээлтийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа Дорноговь аймгийн Айраг суманд 13,30-16,30 цагийн хооронд болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АНУ-ын элчин сайд Piper Anne W.Campbell, Зам тээврийн сайд А.Гансүх болон аолбогдох албаны бусад төлөөлөгчид, уран бүтээлчид оролцлоо. АНУ-ын Засгийн газар, ард иргэдийнх нь сэтгэл шингэсэн 285 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл болох энэхүү замын ажил амжилттай болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд тус улсын Элчин сайдын яам, Мянганы сорилтын сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Чойр-Сайншанд чиглэлийн зам олон улс орон хамтарч хийсэн том бүтээн байгуулалт боллоо гээд гүйцэтгэгч компани болох БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпораци”, Хятадын “Жиангши Уэтөр энд гидроповэр констракшн” компанийн хамт олонд замын ажлаа чанартай гүйцэтгэсэнд нь баяр хүргэлээ.