Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв хамтран 2014 оны 02 дугаар сарын 26,27,28-ний өдрүүдэд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд агентлагийн “Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” танилцуулсан бөгөөд “Газрын удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх нь”, “Орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулахаар авч буй арга хэмжээ”, “Хаягжуулалтын тухай хууль, журам, стандарт, орон нутгийн оролцоо” зэрэг асуудлуудаар аймгийн ГХБХБГ-ын дарга нарт сургалт хийсэн юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Батлан хамгаалахын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Зам тээврийн яамнаас холбогдох төлөөллүүд ирж илтгэл танилцууллаа.
Эхний өдөр агентлаг орон нутгийн газрын албадын удирдлагуудтай газрын харилцааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж нэн тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэж ажиллахаа мэдэгдсэн юм. Агентлагийн дарга А.Хүрэлшагай 2014 оныг “Газрын салбарын мэргэшсэн чадварлаг инженер бэлтгэх жил” болгон зарласныг албан ёсоор мэдэгдээд цаашид 21 аймаг, 330 сумын газар дээр ажиллаж, мэргэжилтнүүдээ чиглэл бүрээр сургах ажлыг идэвхтэй хийнэ гэдгийг цохон тэмдэглэсэн. Дараагийн өдөр Барилгын хөгжлийн төвөөс сургалт хийсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нар хэлэлцүүлэгт оролцож, барилгын чиглэлийн асуудлуудаар санал солилцож, албан ёсны мэдээ мэдээлэл өгсөн юм.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Барилгын хөгжлийн төвийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд зөвлөгөөний хоёр дахь өдөр аймгуудын ГХБХБГ-ын 2013 оны ажлыг дүгнэж, үйл ажиллагаа, амжилт бүтээлээрээ тэргүүлсэн аймгуудыг шалгаруулж шагнал гардуулсан бөгөөд нэгдүгээр байрыг Дорнод аймаг, хоёрдугаар байрыг Өвөрхангай аймаг, гуравдугаар байрыг Архангай аймаг тус тус эзэллээ.
2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтарсан 2014 оны үйл ажиллагааны гэрээг байгуулсан.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар тушаалаар аймгуудын ГХБХБГ-ын орон тооны дээд хязгаарыг баталсан бөгөөд сайдын тушаалын дагуу БХБЯ, БХТ, аймгуудын ГХБХБГ-ын саналуудыг тусган, батлагдсан төсөвт нь багтааж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас аймгуудын ГХБХБГ-ын бүтэц, орон тоог баталжээ. Агентлагийн даргын тушаалаар 2014 оны 03 дугаар сарын 15-аас эхлэн аймгууд шинэчлэгдсэн бүтэц, орон тоогоор ажиллаж эхлэнэ.