Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2014 оны 6 дугаар сарын “Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг шинээр бүтээх тухай тушаалын дагуу Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээснээ ЗХЖШ-т гардуулах, “Бүгд Найрамдах Монгол Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейд шилжүүлэн өгч хадгалуулах ёслолын ажиллагаа наадмын өмнөх өдөр болсон билээ.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Зэвсэгт хүчний Жанжин тугийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт гардуулан өгсөний дараа “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийгМонгол цэргийн музейд хадгалуулах БХ-ын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу уг тугийг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа нар МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хүндэтгэлтэйгээр хүлээлцлээ.
Ийнхүү “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн, Маршал хүндэтгэлийн танхим”-даа ёс төртэй заллаа.
“БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийн танилцуулга
Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1924 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлаас Ардын цэрэгт Жанжин туг үйлдэж гардуулахаар тогтож “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар зоригт Улаан цэргийн их Жанжин туг” хэмээх бичиг бүхий тугийг 1925 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ардын Улаан цэрэгт гардуулсан байна.
Улмаар 1940 онд БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг баталсны дараа шинэчилсэн бөгөөд “БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг” хэмээсэн худам Монгол бичигтэй, 150х200см хэмжээтэй, дундаа төрийн сүлдтэй, улаан хүрэн өнгийн хамба хилэнгээр хийсэн, гурван талдаа шар өнгийн торгомсог утсаар хийсэн цацагтай, догны суурь, ишний цацгийг нь мөн өнгийн утсаар урлан бүтээгджээ.
1990-ээд он гартал Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн нь цэргийн Жанжин туг байсан агаад түүнийг БХЯ-нд төр засгийн тэргүүн нар зочлох, Улсын их баяр наадмын цэргийн парадын үед цэргийн жагсаалын өмнө залж явдаг байжээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө түгэн дэлгэрч Монголын төр, цэргийн түүхэн уламжлал, ард түмний үндэсний үзэл, уламжлалт зан үйл сэргэж, Бүх цэргийн их хар сүлдээ бүтээн залж 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдөр БХЯ-нд гардуулж өгсөн байна. Түүнээс хойш Жанжин тугийг БХЯ-нд хадгалж байгаад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/1188 дугаартай албан бичгээр Зэвсэгт хүчний Төв архивт шилжүүлжээ.
“Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг” нь Зэвсэгт хүчний төв архивт хадгалагдаж байгаад ЗХЖШ-ын даргын 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 344 дүгээр тушаалаар 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗХЖШ-ын 1 дүгээр давхарт шуурхай жижүүрийн байрны дэргэд залж байрлуулан, тугийг залах, хадгалж хамгаалах, арчлах журмыг баталсан бөгөөд ЗХЖШ-ын даргын 2012 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн А/22 дугаар тушаалаар Жанжин тугийн байрыг ЗХЖШ-ын 2 дугаар давхарт шинээр төхөөрөмжилж, шилжүүлэн, залж байрлуулан, хадгалж хамгаалах журмыг шинэчлэн баталсан байна.
Уг тугийг 2003 онд ЗХЖШ-т залж байрлуулснаас хойш өнөөдрийг хүртлэх 11 жил 6 сарын хугацаанд нийт 158 удаа Монгол Улсын цэргийн дүрмийн дагуу ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд залж гарган, буцаан байрлуулжээ.