Засаг дарга хадланчидаа эргэлээ

Нэмэгдсэн: 2013-09-11 08:07:32

Засаг дарга хадланчидаа эргэлээ

Багануур дүүргийн Засаг даргын шийдвэрээр хил залгаа сумдын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх ажлыг энэ оны 7 дугаар сараас эхлэн хөөцөлдөж, хоёр аймгийн долоон сумаас малчид, хадланчид өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар болсон. 8 дугаар сарын дундаас хойш хадлан бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дээрх сумдын нутагт дүүргийн 14 хадлангийн бригад 1440 га газарт хадлангаа бэлтгэж байна. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд дүүргийн Засаг дарга холбогдох албаны хүмүүс Хэнтий аймгийн Баян-Овоо, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад хадлан бэлтгэж буй хадланчидаа эргэн, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны зэрэгцээ тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Өмнө нь хадлан бэлтгэлийн ажилд дүүргийн төр захиргааны байгууллагаас ямар нэг анхаарал тавьдаггүй, сумдуудтай гэрээ байгуулж хадлан бэлтгэх нөхцөл бүрдүүлж байсан тохиолдол байхгүй, мөн ингэж эргэж тойрч байгаагүй хэмээн хадланчид ярьж байлаа. Багануур дүүрэг газар нутгийн хувьд жижиг, хил залгаа сумдаас хадлан бэлтгэхэд татвар өндөр, тухайн орон нутгийн Засаг захиргаанаас эхлээд энгийн иргэд хүртэл дээрэлхүү ханддаг байсан тухай хадланчид ярьж байна. Харин энэ жилийн хувьд албан ёсны яриа хэлэлцээртэй учир дарамт ирэхгүй байгаа юм байна. Дүүргийн Засаг даргын хувьд хадлан бэлтгэхэд дараа дараагийн жилүүдэд энэ жишгээр ажиллах бүрэн боломжтой гэдгийг хэлж, цаашид мод бэлтгэлийн ажлыг ч хил залгаа сумдтайгаа хамтран шийдвэрлэх гэж байгаагаа дуулгалаа. Дүүргийн төр захиргааны байгууллагаас Ногоон хөгжлийн яам, Төв аймгийн ЗДТГ-т хүсэлт гарган ахуйн хэрэгцээний зориулалтаар түлшний мод авах талаар ярилцаж байна. Тун удахгүй 9 дүгээр сардаа багтаан гэрээ байгуулах юм байна.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл