“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ

Нэмэгдсэн: 2013-11-29 13:39:25

“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ

УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй албаныхан “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаад иржээ. Баянлиг сумын хувьд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Түүнчлэн “Шинэ сум” төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна. Тухайлбал шинэ сумын цэвэрлэх байгууламж нь хоногт 65 м3 усыг 90-92 хувийн цэвэршилтэйгээр гаргах хүчин чадалтай. Улмаар тэрхүү шүүгдээд гарсан усыг зөвхөн ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болох юм байна. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай аж. Энэ ондоо багтаад шинэ сумыг хүлээлгэн өгөх юм байна.

Сэтгэл зүтгэл байхад ямар ч ажлыг хийж болдог гэдгийг “Шинэ сум” төслөөс харж болохоор байна. Хүн амын шилжих хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн ажил Баянлиг сумд аль хэдийн 90 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. Биднийг Баянлиг суманд очиход шөнийн 02:00 цаг болж байсан аймгийн төв, хот гэж андуурмаар гэрэлтүүлэгтэй тохилог сайхан сум биднийг угтсан юм. Сумын төв тус бүрд 13000 гаруй метр квадрат бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Гэхдээ энэ тоо зөвхөн баригдсан барилгын л зай талбай. Үүн дээр нэмэгдээд цогцолборын цэвэр, бохир, дулаан, цахилгааны бүрэн шийдэл 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг гадна тохижилтын ажил цогцоороо хийгдэж байгаа юм. 


Шинэ сумын төвийг яг хажууд тус тойргоос сонгогдсон УИХын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр хүүхэд залууст зориулсан хөлмөмбөгийн талбай байгуулжээ. Сумын сурагчид уг талбайд л өнждөг талаараа баярлан ярьж байна билээ.


“Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун”  ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Барилгын ажил бараг 90 хувь нь хийгдээд байна. Одоо зөвхөн дотор заслын ажил үлдсэн. Харин спорт цогцолборын барилгын материалын нийлүүлэлт  саатаад  10 гаруй хоногийн өмнө орж ирсэн. Одоо угсралтын ажил хийгдэж  байгаа. Дотор заслын материал эхнээсээ ирж байна. Тиймээс энэ ондоо багтаад шинэ сумыг хүлээлгэн өгнө” гэсэн юм. Одоогоос зургаахан сарын өмнө “Шинэ сум” төслийг эхлүүлэх гэж байхад хэн нэгний мөнгө угаах ажил хэмээн хардаж байсан хүмүүст Хонгор нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалт ёстой гэнэтийн бэлэг болж чадлаа. Суманд хийгдэж байгаа гээд өнгө үзэмжгүй, чанаргүй,  нүд хуурсан зүйл тэнд огт алга. Инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чадсан байна.

Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой нь гэдгийг олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Америк, Канадад баригдаж байгаа нийт барилгын 80-90 хувь нь уг технологоор барьдаг болсон гэдгийг шинэ сумын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цэдэнсодов онцолж байсан юм. Тэрбээр “Манай улс байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улс болсон. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. Бетонон барилга дотор амьдрахаас модон барилгад амьдрах нь хүний насыг найман жилээр уртасгаж өгдөг гэдгийг Японы судлаачид нотолчихсон байгаа” гэсэн юм. Төсвийн хөрөнгөөр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр гүйцэтгэгч байгууллагууд нь хумслах зовлон байнга байдаг нь нууц биш. Гэтэл “Шинэ сум”-ыг барьж байгаа энэхүү Канад технологийн өөр нэг давуу тал нь барилгын материалаас “хулгайлах” ямар ч боломжгүй байдаг аж. Учир нь яг төлөвлөгдсөн хэмжээгээрээ бүх материал нь ирж угсрагддаг байна. Тиймээс стандарт шаардлага хангахгүй барилга баригдах вий гэж санаа зовох шаардлагагүй юм билээ. Энэ мэт шинэ суманд Монгол Улсад суманд анх удаа гэсэн тодотголтой олон зүйлийг дурдаж болохоор байсан юм. Тухайлбал, Шинэ сумын цэвэрлэх байгууламж нь хоногт 65 м3 усыг 90-92 хувийн цэвэршилтэйгээр гаргах аж. Улмаар тэрхүү шүүгдээд гарсан усыг зөвхөн ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болох юм байна. Гэхдээ сумын иргэд ногоон төгөл байгуулахад уг усыг ашиглах зорилготой байгаа гэсэн. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай юм билээ. Тиймээс Баянлиг суманд цаашид баригдахаар төлөвлөж байгаа орон сууцны хаусны хотгоныг ч цахилгаанаар хангах асуудалд толгой өвдөхгүй бололтой.

 

                                                                                                                                                                               Эх сурвалж: news.mn

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл